УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх хүрээнд улсын өр ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцэж байгаа өнөөдрийнх нь хэмжээнд хүлээн зөвшөөрье, нэмж өр тавих шаардлагагүй гэсэн өмнөх байр сууриа бататгасан байна. Энэ талаар болон бусад асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
С.Бямбацогт даргын тодотгосноор улсын өр нэрлэсэн үнээрээ 15 их наяд, 959 тэрбум төгрөг бол өнөөгийн үнэ цэнээр 13 их наяд 954 тэрбум төгрөг юм байна.
Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд өрийн босгыг энэ онд 60 хувьд хүргэхээр, төсвийн алдагдлыг 5 хувьтай тэнцэж байхаар тусгаж оруулж ирсэн аж.
Хуульд зааснаар төсвийн алдагдлыг ДНБ-ийн 2 хувиас хэтрүүлэх ёсгүй. Гэвч 2 хувьд барина гэвэл эхчүүдийн одонгийн мөнгө танагдах, хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог болох, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж чадахгүй болох, төсвийн хөрөнгө оруулалтаар 342 тэрбум, Хөгжлийн банкны санхүүжилтээр 700 тэрбум төгрөгийн ажил хийгдэх ёстой ч энэ бүхнийг царцаах шаардлага тулгарч байгаа тул энэ онд төсвийн алдагдлыг 5 хувьд байхаар тодотголыг батлахаас аргагүй гэж бүлгийн гишүүд үзжээ. Эдийн засаг хүнд байгаа үед хөрөнгө оруулалтаар дамжуулж аж ахуйн нэгжүүдээ дэмжих ёстой гэж үзсэн юм байна.
Үүний дараа сэтгүүлчид УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтобаяр нараас дараах асуултад хариулт авлаа.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ жилдээ улсын өр ДНБ-ийн 58.3 хувьд бариад явах нь. Цаашдаа яах вэ?
С.Бямбацогт:-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургадугаар зүйлд шалгуур үзүүлэлтүүд бий. Түүнийг хөндөхгүй гэж байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд улсын өр 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2016 онд 40 хувь гэж орж ирсэн. Өрийн тааз нэмэгдүүлэхийг бүлэг дэмжихгүй, өнөөдөрт хүргэсэн төвшинг нь хүлээн зөвшөөрөөд цаашдаа үе шаттай буулгая, ингэснээр хуулиа мөрдөнө л гэж үзэж байгаа.
Мөн төсвийн алдагдлын тухайд энэ жил хямралтай байгаа учраас алдагдлыг 5 хувь байлгахаас аргагүй л гэж үзсэн. Хямралыг давах төлөвлөгөө амжилттай хэрэгжээд явбал 2018 он хүргэхгүйгээр асуудлаа шийдээд явах бололцоо бий.
-Улсын өр өнөөдрийн байдлаар яг хэд байгаа юм бэ. Тоогоор хэлэх боломж байна уу?
-Улсын өр нэрлэсэн үнээрээ 15 их наяд 959 тэрбум, өнөөдрийн үнэ цэнээр 13 их наяд 920 тэрбум төгрөг гэсэн тооцоог холбогдох газрууд гаргасан байгаа.
-Өр ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцэж байгаа нь авах зээлээ оруулаад тооцчихсон юм уу гэдэг асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд хөндөж байсан. Энэ өрөнд Хятадаас авах 1 тэрбум ам.долларын зээл багтсан уу?
-Хятадын нэгтэрбум ам.долларын зээл ороогүй. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас батлагдсан зээлүүд орсон.
-Сангийн сайд асан Ч.Улаан “Ажил хүлээлцэхэд улсын өр 49.3 хувьтай байсан” гэдэг тайлбар хийж байгаа. Гэтэл одоо улсын өр ДНБ-ийн 58.3 хувьд хүрчихлээ. Дунд нь асар их зөрүү гарч, эргэлзээ төрүүлж байгаа. Бүлгийн төвшинд энэ зөрүүний асуудлыг ярьсан, нягталсан уу?
-МАН Засгийн газарт хамтраад ажил автал хууль зөрчсөн байтугай, маш хүндрэлтэй байдал үүссэн байсан. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар улсын өр 55.2 хувь гэсэн тоо гарсан. УИХ-аас батлагдсанаар гадаадаас авсан зээл тусламжийг оруулан тооцож үзэхэд 58.3 хувь гэсэн тоо гарч байгаа. Та бүхэн санаж байгаа, УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарыг огцруулах асуудлыг хоёр удаа УИХ-д тавьж, тэр бүрт эрх баригчид авч үлдсэн. Огцруулах асуудлыг тавихад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж, Монгол Улсын өрийг нэмэгдүүлсэн байсан. Мөн Монгол Улс нэг л төсөвтэй байх ёстой атал “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт зэргийг төсөвт багтаадаггүй, ямархуу төсөл арга хэмжээнд зарцуулж байгаа нь тодорхой бус хаалттай явдаг байсан. Энэ бүх алдааг засахын тулд УИХ дахь МАН-ын бүлэг шахаж шаардсаны хүчинд Монгол Улс нэгдсэн төсөвтэй байхыг Ардчилсан намын бүлэгтэй зарчмын хувьд тохиролцоонд хүрч чадсан. Асуудал бол ийм л байсан.
Н.Номтойбаяр:-Анх Ч.Сайханбилэг сайд МАН-ыг Засгийн газарт хамтран ажиллах урилга өгч, түүнтэй холбоотойгоор намын бүлгүүдээс зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдсан. Зөвшилцлийн ажлын хэсгээр талууд хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэхэд хамгийн анхаарал татах нь өрийн босго байсан. Энэ асуудалтай холбоотойгоор манай намын бүлгээс “Өрийн хэмжээг мэдэх шаардлагатай байна” гэхэд маргааш нь ажлын хэсэгт багтсан зургаан гишүүнд “Өнөөдрийн байдлаар улсын өр 49.3 хувьтай байна” гэсэн хүснэгтэд оруулсан дүн өгсөн. Тэр өдрөөс эхэлж улсын 49.3 хувь гэсэн тоо явсан. Түүнээс хойш хэдхэн өдрийн дараа хамтарсан Засаг байгуулагдаж, Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат гишүүн томилогдсон. Томилогдсоныхоо дараахан бүлэгт мэдээлэл хийхдээ “Улсын өр 58.3 хувь байна” гэсэн дүн танилцуулсан. Өөрөөр хэлбэл, анх өгч байсан өрийн хэмжээ худал байсныг ингэж илчилсэн. Бодитойгоор улсын өр ДНБ-ийн 58.3 хувьд хүрсэн байсан.
Г.ДАРЬ