Гацууртын ордыг ашиглах эсэх асуудал ихээхэн маргаан дагуулж буй. Эдийн засагт ач холбогдолтой энэхүү ордыг тойрсон асуудлаар Уул, уурхайн сайд Р.Жигжидээс тодрууллаа.
-Гацууртын ордыг ашиглахыг Засгийн газар дэмжих үү?
-УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу энэ ажлыг хийж байгаа. Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх талаар яригдаж байна. Эхний хэлэлцүүлэг дууссан. Уул уурхайн яам энэ асуудлыг хариуцан ажиллаж байгаа боловч шийдвэрийг УИХ гаргана. Хэрвээ стратегийн ордод оруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргавал, түүний хэдэн хувийг төр эзэмших вэ гэдгийг дахин боловсруулж оруулна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай энэ талаар хэлэлцээр явуулж байна.
– Хэдий хэмжээний алтны нөөцтэй гэсэн судалгаа гарсан юм бол?
-Гацууртын орд бол үндсэн орд. Дээд шороон ордыг 1992 оноос хойш ашиглаад дууссан. Одоо олборлолт явуулах гэж байгаа талбайн 70 хувь нь эвдрэлд орсон. Баталгаатай алтны нөөц 50 тонн. Тодорхой нөхцөлд ашигтай байх нөөц нь 26 тонн. Хоёр хэсэг ордод нийт 76 тонн алтны нөөц байна гэсэн үг. 9-10 жилийн хугацаанд ашиглаж жилд таван тонн орчим алт олборлоно. Үүгээр нийт гурван их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх тооцоо байна. Татвар хураамжаар 50 тэрбум төгрөг төлнө. Хэдий хэмжээний хувийг төр эзэмших вэ гэдгээс хамаараад энэ тоо нааш, цааш болно. Эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед энэ ордыг хурдан эргэлтэд оруулах нь зүйтэй гэж салбарын яамны зүгээс үзэж байгаа. Монголбанк тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай ярилцаад урьдчилсан хэлэлцээр хийгээд алтыг нь Монголбанкны эрдэнэсийн санд бүртгэж авснаар манай эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлнэ. Алтыг нь Монголбанк бүртгэж авснаар манай гадаад валютын хэмжээ нэмэгдэнэ.
–Ноён уулыг тойрсон түүхийн дурсгалт газарт олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаа. Та газар дээр нь очиж үзсэн үү?
-Үзсэн. Ер нь бол "Бороогоулд"-ын ордоос 45 км орчим, Ноён уулын бэлд байдаг. Өмнө нь олборлолт хийж байхдаа газрыг нь нэлээн эвдсэн байна лээ. Шороон орд олборлож байхдаа уулын горхийг нь доош оруулсан юм билээ. Одоо олборлох гэж байгаа компани хоёр нуур үүсгэж, уулын горхийг нь сэргээгээд нуурийг нь тойруулан урсгаж, эвдэгдсэн байгаа 6.7 га газрыг нөхөн сэргээнэ гэсэн. Үндсэндээ тэнд аялал, жуулчлал хөгжих аятайхан орчин бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй юм билээ. Гацууртын орчинд хүдэртэй шороогоо зөөгөөд "Бороогоулд"-ын ордод байгаа баяжуулсан уурхайд ашиглах юм. Тиймээс Гацууртын уурхай орчмыг химийн бодсисоор бохирдуулах явдал байхгүй. Тус ордыг ашиглахтай холбоотойгоор 40 гаруй км зам барьсан.
С.ОТГОН