Энэтхэг улсад тархаад байгаа “Зика” вирусын халдвар авсан тохиолдол 72-т хүрээд байгаа тухай мэдээлжээ. Зика вирус нь халуун орны “кусаки” шумуулаар дамжин тархдаг халдварт өвчин юм. Халдвар авсан тохиолдолд халуурч, арьсан дээр юм туурах, булчин, толгой, үе мөч өвдөх шинж тэмдгүүд илэрдэг байна. Ялангуяа жирэмсэн эхчүүдэд илүү хор хөнөөлтэй. Жирэмсэн эх зика вирусээр өвчилбөл ураг генийн өөрчлөлтөд орж хүүхэд нь ердийн хүүхдээс жижиг толгойтой төрөх эрсдэлтэй аж. Энэ нь оюун ухааны хомсдолтой, хараа сонсгол хэвийн биш гавлын яс жижигтэй хүүхэд төрнө гэсэн үг юм.
“Өнгөрсөн 24 цагийн дотор халдвар авсан тохиолдол 12-оор нэмэгдлээ. Халдвар авсан хүмүүс бүгд Ражастан мужийн нийслэл Жайпур хотын оршин суугчид байна” гэж Энэтхэгийн эрүүл мэндийн яамны албаны хүмүүс мэдэгдлээ. Ражастан мужийн эрүүл мэндийн албаны дарга Венү Гуптагийн мэдэгдсэнээр халдвар авсан 72 хүний 60 нь бүрэн эдгэрсэн бол 12 хүнийг эмчилгээнд хамруулж байгаа ажээ. Үүний зэрэгцээ “Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас томилсон 280 баг айл өрх бүрээр явж шинжилгээ хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 96 мянга орчим өрх уг шинжилгээнд хамрагдаад байна. Мөн 244 мянга гаруй чингэлгийг шалгаснаас 55 мянга гаруй нь авгалдайтай байсныг устгалаа” гэж Венү Гупта мэдэгджээ.
Эх сурвалж: indiawest
Холбоотой мэдээ