Эдийн засгийн салбарын тавь дахь удаагийн Нобелийн шагналыг Уильям Нордхаус, Пол Ромер нар хүртсэн билээ. АНУ-ын эдийн засагчид уур амьсгалын өөрчлөлт, технологи инновацийн нөлөөг судалсан нь энэхүү шагналын эзэн болгосон юм.
Шведийн эзэн хааны шинжлэх ухааны академи хоёр эрдэмтний судалгааг эдийн засгийн сэтгэлгээний чиглэлийг өөрчилж чадсан үндсэн суурь ажил болсон хэмээн тэмдэглэжээ. Мөн зарим шинжээчдийн үзэж буйгаар 2018 оны шагналд улс төрийн өнгө аяс орсон байхыг ч үгүйсгээгүй юм. Учир нь, Парисын хэлэлцээрээс АНУ гарсны дараагаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинд маш их маргаан дагуулж байгаа билээ.
Йелийн их сургуулийн эдийн засагч Уильям Нордхаус энэ жил 77 настай. Шведийн хааны шинжлэх ухааны академийн Нобелийн шагналын хороо түүнийг макро эдийн засгийн урт хугацааны дүн шинжилгээнд уур амьсгалын өөрчлөлтийг авч үзэн судалгаа хийснийх нь төлөө шагнажээ.
Тэрбээр 1977-1979 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картерийн тамгын газрын эдийн засгийн зөвлөлийн гишүүн нь байсан бөгөөд 2014 онд АНУ-ын эдийн засгийн холбоог удирдаж байсан.
Харин Пол Ромер энэ жил 62 настай. Тэр Нью-Йоркийн их сургуулийн Леонард Штернийн бизнесийн сургуульд ажилладаг. Нобелийн шагналыг эдийн засагч макро эдийн засгийн урт хугацааны дүн шинжилгээнд технологи инновацийн нөлөөг авч үзсэнээрээ хүртсэн юм. Тэрбээр 2016 оны аравдугаар сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэл Дэлхийн банкны гол эдийн засагчдын нэг байв.
“Пол Ромер, Уильям Нордхаус нарын эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмэр нь бидэнд уур амьсгалын өөрчлөлт болон технологийн хөгжлийн үйл явц, түүний шалтгааны талаарх үндсэн суурь судалгаа, дүгнэлтийг танилцууллаа. Энэ жилийн шагналтнууд тодорхой шийдэл гаргаагүй. Гэхдээ тэдний дүгнэлт бид хэрхэн байнгын тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэх вэ гэсэн асуултын хариулт руу маш их дөхсөн” – гэж Шведийн хааны шинжлэх ухааны академийн Нобелийн шагналын хорооны хэвлэлийн мэдээнд дурджээ.
Ромер болон Нордхаусыг шагнах шийдвэр нь эдийн засгийн салбарт Нобелийн шагналыг хүртэх шаардлагыг бүхэлд нь хангасан гэж үзэж байгаа ажээ. Тодруулбал, эдийн засгийн сэтгэлгээний чиглэлийг өөрчилж чадсан ажилд л энэхүү шагналыг олгодог ажээ.
“Хэрвээ эдийн засагч ямар нэгэн хэрэглээний шинжлэх ухааны салбарт нээлт хийсэн бол түүнийг шууд ашиглаж болохоос гадна тэр мөнгө, нэр хүнд олно. Иймээс энэ төрлийн нээлтэд шинжлэх ухааны шагнал олгох шаардлагагүй гэж үздэг. Харин Уильям Нордхаус болон Пол Ромер нарын ажил эдийн засгийн өсөлтийн мөн чанарыг маш сайн олгох боломжийг олгож байна. Учир нь олон улсын эдийн засаг хэдэн арван жилийн туршид хурдан тогтвортой 2-3 хувь өсч байна. Үүний нууц нь өнөөдрийг хүртэл тайлагдаагүй байна гэж эдийн засагчид үзсэн байна.
Үүний зэрэгцээ, шинжээчид эдийн засгийн өсөлт хүн төрөлхтний түүхэнд тодорхой хэмжээгээр байгаагүй бөгөөд зөвхөн XVIII зуунд л гарч ирсэн. Үүний зэрэгцээ XX зуунд автомашин олонтой улс орнуудын эдийн засаг тогтвортой, эрчимтэй өсч байсан. Харин хүн амын өсөлт эдийн засгийн өндөр үзүүлэлтэд хангалтгүй байсан ажээ.
Пол Ромер технологийн дамжуулалт болон инноваци эдийн засгийн хамгийн хөгжиж буй орнуудад өсөлтийг хэрхэн хангаж буй анхны загварыг санал болгосон. Харин Уильям Нордхаус уур амьсгалын өөрчлөлт болон аж үйлдвэрийн хөгжлийн харилцан хамаарал, нөлөөлөлд дүн шинжилгээ хийх анхны загварыг зохион бүтээсэн билээ
Энэхүү хоёр эдийн засаг ч нь шинжлэх ухааны хүрээлэлд маш алдартай. Иймээс тэдний олон жилийн хөдөлмөрийг үнэлж, Нобелийн шагнал өгсөн гэв. Тэд бие биеэсээ хамааралгүйгээр өөр өөрсдийн судалгааг хийсэн ч хамтдаа энэ шагналыг хүртлээ.
Трампын эсрэг мэдэгдэл
Энэ жилийн Нобелийн шагналыг улс төрийн өнгө аяс орсон байхыг зарим шинжээчид үгүйсгэхгүй байна. Тэдний үзэж буйгаар, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар НҮБ-ын засгийн газар хоорондын шинжээчдийн багийн судалгаа нийтлэгдсэний дараагаар шагналтнуудыг тодруулсан нь санамсаргүй хэрэг биш гэв.
НҮБ-ын судалгааны тайлангаас үзэхэд, Парисын хэлэлцээрийг бүхэлд нь хэрэгжүүлэх, дэлхийн дулаарлыг1,5 °C барих боломж нь маш бага магадлалтай. Иймээс судалгааны зохиолчид улстөрчдийг болон шинжээчдийг шийдвэр гаргахаас өмнө мэдээлэлд анхаарал хандуулахыг уриалсан билээ.
Дулаарлыг 1,5 °C хязгаарлах нь хими болон физикийн хуулийн хүрээнд боломжтой. Гэхдээ үүний тулд урьд өмнө байгаагүй өөрчлөлтүүд шаардлагатай гэж судалгааны багийн төлөөлөгч Жима Скеа хэлжээ. Харин судлаачид энэ чиглэлд Цагаан ордны өнөөгийн бодлогод анхаарал хандуулахыг уриалав. Сануулахад, 2017 оны зургаадугаар сард уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрээс АНУ гарсан билээ. Иймээс Шведийн хааны шинжлэх ухааны академийн шийдвэр Трампын эсрэг мэдэгдэл гэж үзэж болно.
ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАР ДАХЬ НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛ
Эдийн засгийн шинжлэх ухааны онцгой амжилт гаргасныхан төлөө Шведийн банк 1968 онд шагнал олгохоор шийдэж, улмаар Альфред Нобелийн дурсгалт эдийн засгийн салбар дахь шагнал хэмээн нэрлэсэн билээ. Тус салбарт анхны шагналыг 1969 онд Норвегийн эдийн засагч Рагнар Фриш болон Голландын эрдэмтэн Ян Тинберген “Эдийн засгийн үйл явцад дүн шинжилгээ хийх, динамик загвар ашиглах нь" бүтээлээрээ хүртсэн
50 жилийн хугацаанд энэхүү шагналыг нийтдээ 81 эдийн засагчид хүртжээ. Эдийн засгийн салбарт Нобелийн шагналыг хамгийн залуу шагналт нь АНУ-ын эдийн засагч Кеннит Жозеф Эрроу байсан билээ. Тэрбээр 1972 онд 52 насандаа Английн эрдэмтэн Жон Хиксомын хамт энэ шагналыг хүртсэн.
Харин хамгийн ахмад шагналтан нь 2007 онд АНУ-ын эрдэмтэнд Леонид Гурвич 90 насандаа хүртэж байв.
2018 онд Нобелийн шагналтнууд 9 сая швед крон буюу 1.02 сая ам.доллар авна. Жилийн өмнө шагналын мөнгөн дүн 1.118 сая байсан. тухайн үед Нобелийн шагналын Барак Обамагийн зөвлөх хүртэж байсан. Тэрбээр эдийн засгийн шийдвэр гаргахад сэтгэл зүйн дүн шинжилгээ хийснийхээ төлөө авсан билээ.
Холбоотой мэдээ