Санхүүжилтийг нь шийдээгүйгээс яамдын ажил цалгарджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Санхүүжилтийг нь шийдээгүйгээс яамдын ажил цалгарджээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2018.10.16/ хуралдлаа. Энэ удаагийн хурлаар хэд хэдэн хуулийн төслийг “бөөндөв”.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яамны 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам: Нийт 36,7 тэрбум төгрөгийн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гэвч 2018 оны улсын төсөвт 17,3 тэрбум төгрөгийн төсөв суулгасан. Одоогоор 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөс орж иржээ. Үлдсэн 14,3 тэрбум төгрөг нь орж ирээгүй, дутуу байна. Ингээд аравдугаар сарын 1-ний байдлаар тус яамны ажлын гүйцэтгэл 17,3 хувьтай гарчээ.

Эрүүл мэндийн яам: 95 ажилд 60,7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан ч ажлын гүйцэтгэл 19 хувьтай гарчээ. Ажил цалгардах босон шалтгаан нь улсын төсвийн санхүүжилт удаашралтай байгаатай холбоотой аж. Үүнээс гадна 2010, 2011 оноос хойш одоо хүртэл явж байгаа 13 ажил хоцрогдолтой байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам: Тус яамны эрхлэх асуудлын хүрэннд он дамжсан 50 ажил байгаа бөгөөд үүнд 285,4 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Харин 2018 онд 450 гаруй тэрбум төгрөгийн 275 ажил хийхээр төлөвлөжээ. Гэвч ажлын гүйцэтгэл 18 хувьтай байна.

Гуравхан яамны ажлын гүйцэтгэл аравдугаар сарын 1-ны байдлаар 20 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй байгаа нь хангалтгүй байна гэж байнгын хорооны гишүүд шүүмжилж байв. Харин Засгийн газрын сайд нар төсөв санхүүжилт гацсан учраас ажил явахгүй байгааг онцолсон юм.


Байнгын хороогоор Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөл нь цэргийн алба хаагчдын тэтгэвэр тогтоох нөхцөлийг сайжруулах зорилготой юм. Энэ төслийн талаар асуух асуулттай гишүүн байсангүй. Иймд   анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-л хүргүүлэхээр болов.


Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг чиглэл өгнө гэж ойлгож байна. Иймд найруулга үг хэллэг нь соёлтой байх ёстой. Гэтэл үг өгүүлбэр, утга найруулгын алдаатай байна. Тунхагийн шинжтэй төсөл батлах гээгүй юм бол үг найруулгаа засах хэрэгтэй” хэмээн шүүмжлэв.


Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийн тайланг сонсов.

Ажлын хэсгийн тайланг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тэрбээр “мэргэшсэн төрийн албан хаагчийг тогтвортой ажиллуулах, цэргийн алба хаагчид тэтгэвэрт гарах асуудлыг тусгайлан авч үзэж арга хэмжээ авах шаардлагатай гэж үзээд тайланд тусгасан” гэв. Ийнхүү тайланг товч танилцуулсны дараа асуух асуулттай гишүүн байсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж