Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өнөөдөр /2018.10.16/иргэдийн банкны картын туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлан авч иргэдийг хохироож байсан этгээдүүдийг илрүүлсэн байна.
Тус хэлтэст өмнө нь “Өөрөө ямар ч гүйлгээ хийгээгүй байхад банкны данснаас зарлага гараад байна” гэх мэдээлэл иргэдээс иржээ. Уг мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, сэжигтэй этгээд Н, Э нарыг холбогдуулан шалгасан юм байна. Тэд Улаанбаатар хотын төвд байрлах ресторануудад үйлчлэгч, зөөгчөөр ажилд орж үйлчилгээний төлбөрөө картаар хийсэн иргэдийн картын туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлан авч, түүнийгээ ашиглан бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргаж авдаг болохыг шалгалтын явцад тогтоожээ.
Тэд нийт 16 иргэний банкны картын мэдээллийг тусгай төхөөрөмж ашиглан зургаан сая төгрөгийн хохирлыг бусдад учруулсан болохыг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Э.БУРАМ