Ч.Сайханбилэгийн засгийн үед Сангийн сайд хийж ирсэн Б.Болор багш болсон. Тэрбээр Орос III сургуульд тооны багш хийж байгаа бөгөөд багшийн зовлонг одоо л ойлгож байгаа бололтой. Тэрбээр Сангийн сайдаар ажиллаж байхдаа багш, эмч нарын цалинг нэмээгүй. Харин өнөөдөр багш нарын цалинг нэмэх ёстой, хүнд ажил гэдгийг учирлажээ. Экс сайд "Багш нарын цалинг нэмэх тал дээр санал нэгтэй байхаас аргагүй. Өнөөдөр эрх барьж байгаа нам буюу МАН мөрийн хөтөлбөр дээрээ багш нарын цалинг нэмнэ гэсэн амлалттайгаар сонгуульд оролцож байсан. Хоёр, гурван ч жилийн улсын төсөв хэлэлцэгдэхэд цалин нэмэхтэй холбоотойгоор амлалтдаа хүрч, ажиллаж чадсангүй. Тиймдээ ч багш нар эсэргүүцлээ илэрхийлсэн байх. Өнөөдөр инфляцийн түвшинтэй уялдан цалин хөлс нэмэгдэж явах ёстой. Гэтэл инфляци хоёр оронтой тоо руу орох хэмжээнд өсчихлөө, энэ нь багш нарт, амьдралд хүнд тусах нь тодорхой. Багш нар эрхээ хамгаалж тэмцэх нь зөв. Тэмцсэний эцэст ч тодорхой үр дүнд сая хүрсэн байх. Ер нь багш нарын ажил хөдөлмөр гэдэг маш хүнд шүү дээ. Хоёр, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиуд олон бий. Нэг ээлжээр ажиллаж байгаа би гэхэд багшийн ажлын ачааллыг мэдэрч байхад анги дүүргэлт хэтэрсэн олон хүүхэдтэй ангид хичээл зааж буй багш ямар их ачаалал дунд байх вэ гэдэг нь ойлгомжтой вэ. Цаашид ч багш нарын цалин хөлс нэмэх дээр төр засгаас анхаарахаас өөр арга байхгүй" гэж ярилцлага өгчээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ