Ана Иванович тэмцээнээс хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Ана Иванович тэмцээнээс хасагдлаа

-Дэлхийн чансааны тавд жагсаж байгаа Сербийн Ана Иванович эхний тойргоос хасагдлаа.-

Талбайн теннисний дөрвөн “Их дуулга” тэмцээний оны эхнийх болох Австралийн нээлттэй тэмцээн өнөөдөр Мельбурн хотноо эхэллээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын тоглолтууд эхэлсэн бөгөөд дэлхийн чансааны тавд жагсаж байгаа Сербийн Ана Иванович эхний тойргоос хасагдлаа. Тэрээр Чехийн Луция Градецкаятай нэгдүгээр тойрогт таарсан ч 6:1, 3:6, 2:6-оор хожигдлоо. Ана Иванович өнгөрсөн жилийн тэмцээнд 14-т эрэмбэлэгдэн тоглохдоо гурав, дөрөвдүгээр тойрогт Австралийн Саманта Стосур, АНУ-ын Серена Уильямс нарыг хожиж, шөвгийн наймд шалгарч байсан бол энэ жил эхний тойргоос өндөрлүүлээ.

Серб теннисчнийг хожсон Чехийн Луция Градецкаягийн хувьд хосын төрөлд амжилттай тоглодог бөгөөд “Францын нээлттэй тэмцээн-2011”, “Америкийн нээлттэй тэмцээн-2013”-ын цомыг өргөөд авчээ.

Ана Ивановичийн араас тэмцээнд 28-д эрэмбэлэгдсэн "Уимблдон-2013"-ын дэд аварга Германы Лициски эхний тойргоос хасагдлаа.  

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж