Германы шар айрагны баярын сонин хачин | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Германы шар айрагны баярын сонин хачин

Германы шар айрагны баярын сонин хачин

Мюнхен хотноо жил бүрийн аравдугаар сард болдог шар айрагны баяр нь Германы хамгийн алдартай фестиваль юм. Шар айрагны баярт оролцохоор жил бүрийн энэ үед дэлхийн өнцөг булан бүрээс маш олон жуулчид ирж, шар айраг болон мушгиа боорцог /претцельс/худалдан авахад мөнгөө харамгүй зарцуулж, найрлан цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг.

Уг баярт оролцох хүмүүсийн олонх нь Германы үндэсний хувцас болох “Дирндл”-ийг эмэгтэйчүүд нь, эрчүүд нь “Ледерхосен” өмсөн цэнгэцгээдэг. Гэхдээ эдгээр хувцас хунар, идэж уух зүйлсээс гадна жинхэнэ мюнхенчүүд шиг шар айрагны баярын уур амьсгалыг мэдрэхэд хүмүүсийн тэр бүр мэддэггүй хэд хэдэн зүйлс бий.

Шар айрагны баяр нь гурван долоо хоног орчим үргэлжлэх бөгөөд баярт оролцох 7 сая хүмүүст зориулж 14 том асар, 20 жижгэвтэр асар засчээ. Амралтын өдрүүдээр баярт оролцохын тулд өглөө эртхэн очихгүй бол асарт орох, пиво худалдан авахад маш урт дараалалд хүлээх болдог байна. Шар айрагны баярын хоёр дахь долоо хоногоос Итали улсаас жуулчид олноор ирдэг тул уг долоо хоногийг “Итали долоо хоног” гэж нэрлэдэг Энэ мэт хүмүүсийн тэр бүр мэддэггүй шар айрагны баярын тухай сонин хачныг энэхүү нийтлэлдээ бэлтгэлээ.

ШАР АЙРАГНЫ БАЯРЫГ “ОКТОБЕРФЭСТ” БИШ “ВИЙЗН” ГЭЖ НЭРЛЭДЭГ

Мюнхенд амьдардаг хүмүүс шар айрагны баярыг Герман хэлээр хүмүүсийн мэддэгээр аравдугаар сарын баяр гэж нэрлэдэггүй харин “Вийзн (Wiesn)” гэж хэлдэг байна. Учир нь шар айрагны баяр зохион байгуулагддаг газар нь Мюнхен хотын баруун урд зүгт байрлах “Терезийнвийзе” хэмээх талбайд болдог байна.

ҮНДЭСНИЙ ХУВЦСЫГ НЬ ДУУРАЙЛГАЖ ХИЙХ ГЭСНИЙ ХЭРЭГГҮЙ

Германы үндэсний хувцсыг нийтэд нь “Траахт” гэж нэрлэдэг, ойролцоогоор 150 орчим еврогийн үнэтэй байдаг. Харин баярт оролцохдоо мюнхенчүүд шиг харагдахын тулд үндэсний хувцсыг нь дуурайн, өөрт байгаа цамц, бор өнгийн өмд эсвэл жирийн нэг дэрвэгэр хормойтой даашинз өмссөн хүмүүс Германчуудаас эрс ялгарч, эвгүй харагддаг талтай. Сонирхуулахад эмэгтэй хувцас нь даашинз, цамц болон хормогч гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд хормогчийг хэрхэн уях нь ч бас нарийн учиртай байдаг байна. Хэрвээ хормогчийн уяаг зүүн талдаа зангидсан бол ганц бие, баруун талдаа бол хостой, харин хүүхдүүд нь дунд хэсэгтээ зангиддаг ажээ.

“EIN PROSIT/АЙН ПРОЗИТ”-ИЙГ ДУУЛАХ

Баяр наадам гэсэн утгаараа олон янзын дуу эгшиглэх ч шар айрагны баярын үеэр хамгийн их дуулагддаг дуу бол “Ein Prosit” юм. Хэрвээ та баярын уур амьсгалыг бүрэн утгаар нь мэдрэхийг хүсвэл дууны үгийг цээжилж, дагаж дуулах хэрэгтэй. Учир нь энэ дуу бараг 20 минут тутамд Вийзн талбайд эгшиглэх болно.

 

БАЯРЫН ЖАГСААЛ

Жил бүрийн аравдугаар сарын эхний ням гаригт Германы үндэсний хувцас өмссөн хүмүүс баярын жагсаалд алхдаг байна. Уг парадын үеэр та жинхэнэ Герман үндэсний хувцсыг олноор нь харах болно. Харин энэ жилийн хувьд баярын жагсаал есдүгээр сарын 23-ны өдрийн өглөөний арван цагт эхэлсэн юм.

ИХЭЭХЭН МӨНГӨ ҮРЭХДЭЭ БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Шар айрагны баярыг зорин очих гадны жуулчдын хувьд замын зардал, байрлах байрнаас гадна баярт оролцохдоо багагүй мөнгө үрдэг байна. Тухайлбал, энэ жилийн хувьд хамгийн хямд шар айраг нэг маас (maß) нь 11 евро байгаа юм. Маас бол пиво уудаг нэг литрийн багтаамжтай аяга юм.

Эх сурвалж: www.independent.co.uk

Ө.ПҮРЭВХҮҮ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс