Уул уурхайг дагасан шилжилт саарч, Улаанбаатарыг чиглэжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Уул уурхайг дагасан шилжилт саарч, Улаанбаатарыг чиглэжээ

Уул уурхайг дагасан шилжилт саарч, Улаанбаатарыг чиглэжээ

Монгол Улсад анх удаа хийсэн  дотоодын шилжилт хөдөлгөөний цогц судалгааны үр дүн гарчээ. Судалгаанаас дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явагдаж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгаа аж. 1989 онд хүн амын дөрөвний нэг хувь нь нийслэлд оршин сууж байсан бол өдгөө нийт хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа аж.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2010-2016 онуудад 126,143 хүн Улаанбаатарт албан ёсоор шилжин суурьшсанаар 2017 онд нийслэлийн хүн ам 1,463,000 хүрчээ. Дээрх судалгаанд хамрагдсан 4000 орчим хүний мэдээллээс харахад шилжин суугчийн олонх нь ажилд орох, амьдралынхаа нөхцөл бололцоог сайжруулах, сайн боловсрол эзэмших, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авах, садан төрлөө бараадах зорилгоор нийслэлд шилжин суудаг байна. Харин тэд олныг хамарсан гэнэтийн нөхцөл байдлын улмаас нүүгээгүй гэдгийг дээрх судалгаа нотолжээ.

Судалгаанаас үзэхэд хотын захын хорооллын хүн амын гуравны нэг нь шинээр нүүдэллэн суурьшсан иргэд байдаг аж. Тэдний бараг 40 орчим хувь нь нийгмийн эмзэг бүлэгт багтдаг тул тусламж, дэмжлэг нэн хэрэгцээтэй хүн амын тоонд орж байна. Уг судалгааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр жил орчмын хугацаанд хийжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2012-2021 онд Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол Улсад хэрэгжүүлэх шинэ стратегийн нэг зорилт нь Монголд эрчимтэй явагдаж буй хотжилтоос үүдэлтэй тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх явдал. Шилжин суурьшигчдын олонх нь нийслэлд ирээд амьдрал сайжирсан гэж хариулсан хэдий ч хотод ямархуу хүндрэл бэрхшээлтэй тулгардгийг судалгаагаар дэлгэрэнгүй тодорхойлж гаргажээ. Тиймээс хотын хүн ам, хөгжлийн бодлого нотолгоонд суурилан хотын оршин суугчдын хэрэгцээг хангахад тус хоёр судалгаа маш ач холбогдолтой юм гэж” дүгнэлээ.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ДАГАСАН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРСОН

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн амын сургалт судалгааны төвийн эрхлэгч доктор Ц.Болормаа бидэнд дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Хөдөө орон нутагт ажлын байр бий боловч тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй, цалин хөлс бага учир иргэд илүү боломжийг хайж, шилжилт хөдөлгөөнд оролцдог. Монгол Улсад хийгдсэн хоёрдогч судалгаанаас харахад 2008-2012 онуудад уул уурхай дагасан шилжилт хөдөлгөөн түлхүү байсан. Ялангуяа Өмнөговь аймаг руу Монгол Улсын шилжих хөдөлгөөн шилжсэн. Харин 2012 оноос хойш шилжилт хөдөлгөөн эрс буурсан. Одоогоор уул уурхайн салбарыг дагасан шилжилт хөдөлгөөн зогсонги байдалд орсон гэж хэлж болно. Харин төв суурин газар дагасан суурин газрууд руу шилжилт нэлээн түлхүү байгаа нь харагдаж байна.

Судалгааны үр дүнд үндэслээд бодлогын зөвлөмжийг гаргасан. Нэгдүгээрт, шилжих хөдөлгөөнийг бүх талаар дэмжих хэрэгтэй. Шилжилт хөдөлгөөнийг хоригловол энэнээс илүү сөрөг үр дагавартай. Тэгэхээр дэлхийн улс оронд хэрэгжүүлж буй бодлого, хууль журмын туршлагад үндэслэн шилжилт хөдөлгөөнийг дэмжиж, анхаарах ёстой. Шилжих хөдөлгөөн бол салбар дундын асуудал. Аль нэг яам тамгын газар дангаараа хариуцаж шийдэж асуудал биш. Тийм учраас Монгол Улсын төр засгийн зүгээс салбар дундын бодлогод анхаарч  шилжих хөдөлгөөнийг онцгой анхаарах хэрэгтэй” гэж ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж