Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2018.10.16/ хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ч ажлын хэсэг байгуулахгүйгээр шийдэх боломжтой гэж байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “УИХ-аас баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль зургадугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дээр нийт 14 зөрчил, гурван хийдэл гарсныг цэгцлэхэд ажлын хэсэг байгуулалгүйгээр, хуулийн хүрээнд шийдэх боломжтой” гэв.
Иймд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзлээ.
Т.НОМИН
Холбоотой мэдээ