Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр үдээс өмнө Дорноговь аймгийн Өргөн суманд ажиллалаа. Тус суманд хоногт 1750 тонн буюу жилд нэг сая тонн цемент, цементийн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай, эко технологиудыг нэвтрүүлсэн хуурай аргын цементийн үйлдвэрийг “Монцемент Билдинг материалс” ХХК 2015 онд ашиглалтад оруулжээ. Тус компанийн Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцлаа. Тус үйлдвэр ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл 650 мянган тн европ стандартын цемент үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 40 орчим хувийг хангаж байгаа юм байна.
Эх орныхоо газрын баялгаар аж үйлдвэр, зам барилгын ажлын амин судас болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйд тус үйлдвэрийн хамт олонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Мөн байгальд ээлтэй, сөрөг нөлөө багатай технологи ашиглаж, цэвэр ус, эрчим хүчээ хэмнэж байгааг Ерөнхий сайд сайшааж байлаа.
Монцемент үйлдвэрийн усны хэрэглээ нойтон аргын технологиос тав дахин, эрчим хүчний зарцуулалт 30 хувь бага. Энэ хэрээр түлш зарцуулалт хоёр дахин бага байх бөгөөд үйлдвэрийн болон ахуйн хаягдал усны 90 хувийг дахин цэвэршүүлж тоног төхөөрөмжийн хөргөлт, зам талбай болон ногоон байгууламжийн усалгаандаа ашигладаг байна.
Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт 500 гаруй хүн ажилтай болжээ. Дорноговь аймгийн төв Сайншанд болон Өргөн зэрэг сумын залуучуудыг дадлагажуулан сургаж ажиллуулдаг ажээ.
Тус компани нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл, төмөр замын өртөөний өргөтгөл зэргийг Өргөн суманд байгуулжээ.
Манай улсын цементийн хэрэгцээ жилд 1.8 сая тонн байдаг, үүний нэг сая тонн-ыг импортоор оруулж ирдэг үе саяхныг болтол байсан. Засгийн газар дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжсэний үр дүнд манай улс өнөөдөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болоод байгаа юм. Иймд одоо манай үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортолж, гадаад зах зээлд гаргах боломжийг судалж, эрэлхийлэх нь чухал байна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх цементийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.