Аргентины Хуан Мартин дель Потро өвдөгний тойгондоо бэртэл авч энэ улирлыг дуусгаж байна. Аргентин теннисчин өнгөрсөн долоо хоногт Шанхайн мастерс тэмцээний 3-р шатанд Хорватын Б.Коричтой тоглох үедээ өвдгөндөө бэртэл авч тэмцээнийг орхиод байсан. Тэгвэл нарийвчилсан шинжилгээгээр улирлын үлдсэн хугацаанд тоглох боломжгүй гэсэн хариу гарсан байна. Ингэснээр Хуан Мартин дель Потро ирэх сард болох байсан шилдэг 8 теннисчдийн оролцдог АТР финалс тэмцээнд оролцох боломжгүй болж байна.
2009 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга, 30 настай Хуан Мартин дель Потро бол Аргентин улсаас Д.Налбандян, М.Пуэрта, Г.Гаудио нарын араас гарч ирсэн шилдэг теннисчин юм. Хуан Мартин дель Потро нь АТР-г чансаагаар шилдэг 8-д багтаж оны төгсгөлд явагддаг АТР финалс тэмцээнд анх 2008 онд оролцож байсан бөгөөд нийт 4 удаа АТР Финалс тэмцээнд оролцож байсан. Түүний хувьд энэ удаагийн АТР Финалс тэмцээнд 5 жилийн дараа эргэн ирж оролцох байсан ч ийнхүү бэртлийн улмаас өнжих болж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ