УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2018.10.16/ хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Валютын савлагаа, тогтворгүй байдлыг цаашид хэрхэн хангаж ажиллах юм бэ. Монголбанк, Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа маш муу байгаа. Хамгийн чухал нь эдийн засгийн өсөлтийг яагаад иргэдэд хүргэж чадсангүй вэ гэдгээ Засгийн газар, Монголбанк мэдээлэх ёстой.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой. Түүнээс гадна татварын байгууллагаас бид экспортын бүтээгдэхүүний татварын тайланг авдаг. Эндээс харахад гарч байгаа, орж ирж байгаа валютын хооронд зөрүү гараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, валютын нөөцийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах нь амин чухал асуудал болоод байна. Төлбөрийн тэнцэл гэдэг нь дан ганц Монголбанкны ажил биш. Гадаад худалдаа алдагдалтай байгаагийн бас нэг шалтгаан нь Монгол Улсад гадаад худалдааны бодлого алдагдсантай холбоотой. Гадаад худалдааны агентлаг, зохицуулалтын зүйл дутагдаад байна. Гадаад бодлого хариуцсан төрийн байгууллага дутагдаж, нэг хоёр мэргэжилтэн хариуцаад сууж байна. Би өөрөөсөө хариуцлагыг бусад руу түлхэж байгаа биш нөхцөл байдал ийм л байна. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүстэй уулзаж байхад бид төлбөрийн тэнцлээ сар сараар нь гаргаж, дэлгэж тавиад эдийн засгийн бодлогоо төлөвлөдөг байсан гэж ярьж байна. Гэтэл өнөөдөр төлбөрийн тэнцлийг ганц ярьдаг газар нь Монголбанк л байна. Бид ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хамтарч ажиллах нь туйлын чухал байна.
УИХ-ын гишүүн Н.Баттөмөр:
-Монгол Улсын хар жагсаалтад оруулахыг сануулж байгаа байгууллагын жинхэнэ зорилго нь юу байна вэ. Эсвэл үнэхээр бидэнд сануулга өгөөд байна уу. Монголоос гарах валютын урсгал хаашаа чиглэж байна вэ. Мөн өөрийн хөрөнгө дутагдсан банкуудын үйл ажиллагаа юу болж байна вэ. Өөрийн хөрөнгийн дутагдлаа арилгаагүй банкуудад ямар арга хэмжээ авах вэ?.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Монгол Улс одоо саарал жагсаалтад байгаа бөгөөд ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хар жагсаалт руу орохгүйн төлөө бид маш их ажил хийж байна. ФАТФ Монгол Улсыг гурван үндсэн зүйл, шалтгаанаар буруутгаж байна. Нэгд, Хойд Солонгосын иргэд Монголд ажиллаж, үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ мөнгө хойд Солонгост тодорхой төсөл хөтөлбөрүүд санхүүжилт болж очиж байна. Үүнийгээ тайлбарлаж өг гэж байна. Хоёрт, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж, 35 их наяд төгрөгийн эх үүсвэр гарч ирсэн. Энэ бол тухайн үеийн Монгол Улсын ДНБ-ээс 1,5 дахин их хэмжээтэй тоо. Ийм их хэмжээний мөнгө гарч ирж байна гэдэг нь Монгол Улс татвараа авч чаддаггүй, мөнгө угаадаг юм байна үүнийгээ зас гэсэн сануулга өгч байгаа юм.
Гуравт, Монголд 540 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 2000 гаруй хадгаламж зээлийн хоршоо байна. Энэ бүхэнд хяналт тавьдаг, чаддаг газар байхгүй байна. Гэсэн ийм гурван шалтгаанаар бидний хар жагсаалт руу оруулах боломжтой байна гэдэг зүйлийг хэлж байна. Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлаа хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулж ажиллаж байна. Бидэнд 2019 оны есдүгээр сар хүртэл хугацаа олгож, тайлангаа олон улсын байгууллагад хүргүүлэх ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Мөнгөний бодлогыг 2019 онд тэлэх үү. ЖДҮ бол импортыг орлох хамгийн том гарц шүү гэдгийг дарга нар, гишүүд олж хараасай гэж хүсч байна.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Бидэнд хамтын ажиллагаа чухал байна л даа, Монголбанк чадахаараа ажиллаж байна, хамтарч ажилламаар байна. Би импортыг муу гэж үзэхгүй. Орж ирж байгаа импортын бүтээгдэхүүний 20 орчим хувь нь хэрэглээний зүйлс байгаа бол 80 орчим хувь нь үйлдвэрлэлийн чанартай зүйл байгаа. Төлбөрийн тэнцэл алдагдалтай байна, гадаадаас орж ирж байгаа валютын урсгал гарч байгаагаас бага байгаа учраас төрийн байгууллагын хамтын ажиллагаа чухал юм. Мөнгөний бодлогыг тогтвортой барих бодлогыг баримталж байна. Энэ бүхэн дотоод хүчин зүйлээс хамаарахгүй. Манай эдийн засгийн амьдралын 50 хувь нь дотоодоос, 50 хувь нь гадаад хүчин зүйлээс шалтгаалдаг. Ялангуяа гадаад хүчин зүйл худалдааны дайн, АНУ-ын Холбооны нөөцийн банк хүүгээ өндөрсгөснөөс олон орны Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж байна. Энэ бүхнийг маш сайн ажиглаж, харж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэхийг бид дэмжиж, энэ чиглэлээр судалгаа хийдэг ганц байгууллага нь Монголбанк л байна.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
-Гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал, 2019 оны төсвийг харахад нэлээд том зорилт тавиад орж ирсэн байгаа. Энэ бүхний ард 2017, 2018 онд баталсан дунд хугацааны макро зорилтууд үргэлжилнэ гэж ойлгож байна. Тэгэхээр инфляцаа нам дор барих нь Төв банкны хувьд бодлогын хэрэгслүүдээ маш сайн ашиглах сорилтын жил болж байна. Үүн дээр нэмэр болох үүднээс тогтоол, чиглэл хоёрын зарим заалтыг өөрчилмөөр харагдаад байна. Төв банкны оруулж ирсэн, холбоотой асуудлыг ярихаар Засгийн газартай уялдаж байна. Гэтэл энд Засгийн газрын төлөөлөл алга байна. Гадаад валютын тогтвортой байдлын хангах төлбөрийн тэнцлийг хангах асуудлыг сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Энэ жилээс Засгийн газар, Сангийн яам бие дааж шийдвэр гаргадаг болсон байна. Валютын нөөцтэй холбоотой асуудал дээр Засгийн газрыг түлхүү оролцуулах шаардлагатай. Түүнээс гадна Монгол Улс валютын нөөц бүрдүүлдэг гурван сувагтай. Экспорт, зээл тусламж, алт гэсэн гурван үүсвэртэй. Бид алт хөтөлбөрөөр алтны үйлдвэрлэлийг бодлогоор дэмжсэний үр дүнд маш сайн явж ирсэн. Одоо гол нь Монголын хөрснөөс авсан нэг грамм алт бүр Монгол Улсын валютын нөөц болох ёстой. Алт олборлолт 100 хувь эх оронч байх ёстой.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-2019 он бол сорилт болно гэдэг нь маш чухал. Бид өнгөрсөн жил 20 тонн алт авсан, ирэх жил 22 тонн алт авахаар төлөвлөж байгаа. Алт тушаал процессыг хөнгөвчлөх зорилгоор алтны сорьцын лабораторийг Дарханд байгуулсан. Ирэх жилүүдээс дахин хоёр аймагт байгуулахаар төлөвлөж байна. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд, зээл тусламж маш их хэрэгтэй байгаа.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа гишүүд саналаа хэлсний дараа санал хурааж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ