Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр /2018.10.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цагдаагийн алба хаагчийн биед халдсан этгээдүүдийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Сэжигтнүүдийн машинаас зүүгдэж яваад унаж бэртсэн Сүхбаатар дүүргийн алба хаагч өнөө өглөө 10:00 цагт хагалгаанд орсон ба одоогоор ухаан ороогүй, биеийн байдал нь хүнд байгаа. Уг этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1.9-т зааснаар бусдыг алахыг завдсан гэдэг зүйл ангиар хэрэг бүртгэлт нээн, шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэж ярилаа.
ДУНДГОВЬ, ДОРНОГОВЬ АЙМАГТ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Золжаргал хүүхдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 0-13 насны 79 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, ямар нэг байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Нийтдээ 59 холбогдогч байгаагаас үл таних хүнд найм, эцэг эхийн найз нэг, төрсөн эцэг гурав, хойд эцэг есөн, хүргэн ах хоёр, төрсөн ах хоёр, авга ах хоёр, нагац ах дөрөв, өвөө хоёр, зүс таних хүнд 26 гээд тоо гарсан.
Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийг “Бэлгийн шинжтэй хүчирхийлэхийг завдсан, энэ гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш бүлэглэж үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин халдаасан, бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд 12-20 жилийн хугацаагаатайгаар буюу бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг. Хамгийн сүүлд гэхэд 2018 оны аравдугаар сарын 2-нд Дундговь аймагт 12 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Мөн 2018 аравдугаар сарын 14-нд Дорноговь аймагт 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Эдгээр хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэлээ.
ТАВАН НАСТАЙ ХҮҮ Б.ТАМИРЫГ ЦАГ АЛДАЛГҮЙ АВАРСАН
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрх хайрхан ууланд 2018 оны аравдугаар сарын 14-ний өдөр “Гурван хүүхэд уул руу гараад таван настай эрэгтэй хүүхэд сураггүй болсон” тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн 65, Онцгой байдлын хэлтсийн 87 алба хаагч ажиллаж, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нар таван настай Б.Тамирыг хаднаас унахдаа хөлөө хугалсан, модноос дүүжлэгдсэн байдалтай байхад нь олж, амь насыг нь аварсан байна. Эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна” гэж ярилаа.
Э.АРИУН
Холбоотой мэдээ