Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Бүс нутгийн логистикийн төв”-ийг нээлээ. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ж.Мөнхцэцэг болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Уг логистикийн төв нь 11.7 тэрбум төгрөгийн өртгөөр байгуулагджээ. Төслийн хүрээнд 3.6 км цэвэр усны шугамын ажил, төмөр замтай хоёр түвшинд огтлолцох гүүрэн байгууламж, 1.6 км автозамын барилга угсралтын ажил, 4.15 км гадна холбоо интернетийн шилэн кабель байгуулах ажил, гадна цахилгаан станц, дэд станцын өргөтгөл, барилга угсралтын ажил тус тус хийгдсэн байна.
ЛОГИСТИКИЙН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ:
Нэгдүгээр бүс: Чингэлгийн бүс өдөр 46 вагоны хүчин чадалтай найман галт тэрэг боловсруулна. Жилд 280 мянган чингэлгийн ачааг ачих чадалтай.
Хоёрдугаар бүс: Овортой хүнд ачааны үе 40 вагонтой 12 галт тэрэг боловсруулна.
Гуравдугаар бүс: Агуулахын үе 40 вагоны хүчин чадалтай механик ачилтыг өдрийн 24 цагийн туршид хийвэл жилийн 270, хоногт 8100 ширхэг чингэлэг ачна. Тус төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд ачаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх юм байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Энэ төв ашиглалтад орсноор транзит тээвэр богино хугацаанд дамжин өнгөрөх боломж нээгдэж байна. Ялангуяа чингэлгийн тээвэр 50 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Энэ хэмжээгээр шилжүүлэн ачих байгууламж ашиглалтад орж дотоодын чингэлгээс гадна дамжин өнгөрөх транзит тээвэр 25 хувиар нэмэгдэнэ гэж тооцсон. Мөн орон нутагт 200 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа нь оршин суугчдын амьдралд шууд байдлаар нөлөөлнө. Энэ нь манай бүс нутгийн хувьд маш чухал асуудал. Тээвэр логистикийн төвийг Азийн хөгжлийн банкны 60 сая ам.доллар, Засгийн газраас 16 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлсэн.
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Дорноговь аймаг 2017 оныг их бүтээн байгуулалтын ажил болгон зарласан. Бүтээн байгуулалтын жилд зориулж тодорхой ажлуудыг өрнүүлэхийн тулд орон нутгийн орлогыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг тав орчим хувьтай гарсан бол манай аймгийн эдийн засгийн үзүүлэлт 10 хувийн өсөлттэй гарсан. Анхны хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрүүдийг орон нутаг руу татаж ажилласан. 2016 онд МАК-ийн Хөх цементийн үйлдвэр ашиглалтад орж мөн өнгөрсөн онд Японы хөрөнгө оруулалтаар цахиур чулууны үйлдвэр нээгдсэн. Бид өнгөрсөн оноос эхлэн гарч байгаа түүхий эдээ аль болох түүхийгээр нь гаргахгүй байхыг зорьж ажилласан. Энэ зорилтынхоо хүрээнд нүүрсний баяжуулах гурван үйлдвэр баригдаж мөн жоншоо баяжуулж эхэлсэн. Ингэж байж бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж, тогтвортой ажлын байрыг бий болгосон. Орон нутгийн орлого нэмэгдсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас 1.5 сая тонн нефть боловсруулах үйлдвэрийг манай аймагт барьж байна. Үндсэндээ ирэх оны зургадугаар сард гэхэд дэд бүтцийн ажлууд дуусна гэсэн чигтэй ажиллаж байна. Мөн Засгийн газар, УИХ-аас Зүүн баян Ханги мандалын боомт төмөр замын бүтээн байгуулалтыг барих шийдвэр гаргасан. Уг төмөр зам баригдсанаар авто замаар тээвэрлэгдэж буй нүүрс, жоншны тээвэрлэлт цэгцэрч тоосжилтын асуудал нэг мөр шийдэгдэнэ. Логистикийн төв нь 24 цагийн үйл ажиллагаатай хоёр ээлжээр ажиллах бөгөөд хоногт 800 орчим вагон буюу 16 галт тэрэг хүлээн авч, ачиж буулгах, шилжүүлэн ачилт хийх хүчин чадалтай аж.