Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТ-ээр өчигдөр /2018.10.15/ орон даяар цаг үеийн асуудлаар чөлөөт ярилцлага хийлээ. “Чөлөөт” гэхийн учир нь “цензургүй” гэдгээ онцлон урьдчилан зарлаж байсан болохоор тэр. Ярилцлага эхэллээ. Бүх ард түмнээс сонгогдсоны хувьд МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгийг үзэхээр сувгаа тохируулж анхаарч үзсэн нь лавтай. Ерөнхийлөгч маань сайхан ярьж эхэллээ. Хөтлөгчийн асуулт тавих үед хоорондоо хөөрөлдөж байхад нь сэм бичлэг хийчихсэн мэт интершум цуурайтах нь тэр.
Айлчлалын тохироо, зардлын зовлон жаргалаас эхлээд төсвөөс хэмнэлтээр аж үйлдвэрээ өөд татах, ноос ноолуур, утас, даавуу үйлдвэрлэх зэрэг ахуйн чанартай бодлогоо ярьж эхэллээ. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг, Ардчилсан намын бүлэг, Төсвийн байнгын хороо төсвийн хэмнэлтийн талаар танилцуулга хийх гэж байгаа учраас амралтын өдөр дуудаж ярилцлага өгч сонгогчдын дэмжлэгийг авах гэж байгаа юм гэжээ.
Мөн сонгуулийн тогтолцоо, тойргийн тогтолцоог эргэж харах нь зүйтэй гэсэн нь түүний яагаад Н.Энхбаярын үеэс эхэлсэн тойрог бүрт хуваарилах мөнгийг эргэн сануулж шүүмжилсний гол утга учир байсан нь харагдлаа. Тойрог бүрт хуваарилдаг мөнгө иргэдийг, татвар төлөгчдийг бухимдуулдаг. Үүнээс улбаалж сонгуулийн тогтолцоог өөрчлөх, улмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг маргаангүй дэмжинэ гэж тооцоолсон бололтой.
Тэрбээр “2015 онд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг бүтнээр нь Хятадын “Шиньхуа” компанид үнэгүй, 100 жилээр шилжүүлэх гэж орж ирсэн” гэхчлэн ярьснаараа тогтолцооны гажуудал Үндсэн хуулиа өөрчлөх гол шалтгаан болж байна. Бүр тодруулбал, гэнэн цагаан уужуу тайван цаг үед Үндсэн хуулиа баталсан байтал өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүнээс олсон орлогоор нь барьчихдаг гажуудал руу орчихсон болохоор өөрчлөхгүй бол болохгүй гэсэн. Эндээс MCS-ээс болоод Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна гэх яриаг бараг баталчихлаа.
Ерөнхийлөгчийн ярилцлагад бодлогоо тайлбарлахдаа шинжлэх ухаанч, судалгаа тооцоотой хандахаас илүү аж ахуйн талаас тайлбарладаг нь амьдралд ойр санагддаг байх л даа. Тиймээс үзэгчид сошиалд ихээхэн шүүмжлэх шиг боллоо. Гэвч эцсийн үр дүн чухал болохоор энгийнээр тайлбарласны том алдаа ч гэж юу байх вэ. Харин асуудлыг тайлбарлахдаа тодорхой хүнтэй холбоотой асуудлаар нэлээд “идэвхтэй” ярих нь анзаарагдлаа. Ялангуяа MCS-ийг авлигын үүсвэр, уул уурхай буруу замаар явсны жишээ гэж тодорхойлсон. Гэхдээ “Нэг компанийн тухай яриад байна гэж битгий ойлгоорой, энэ бол өнөөгийн тогтолцоо. Уул уурхайгаа гаднынханд лиценз хэлбэрээр өгчхөөд, тэр нь их мөнгө болж орж ирээд сонгуульд, төрөөс гарч байгаа шийдвэрт нөлөөлөөд байгааг ярьж байгаа юм. Энэ байдлаас гарна гэдэгт итгэлтэй байна” гэсэн. “Төмөр замын далангийн” гэх 280 сая ам.долларын тухайд тэр өөрөө сайд байх үедээ бодлого гаргасан автор нь төдий бөгөөд түүний дараах үе үеийн зам, тээврийн салбар хариуцсан сайд нар мэдэж байгаа, цаашид ч хөрөнгө оруулалтыг нь нэмэх учиртай гэлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг “Монгол Улсын Сангийн сайд мөн үү, биш үү” гэсэн нь түүний ярилцлагын “оргил үе” гэхэд болно. “Хүүхдийн мөнгө нэмэхийг эсэргүүцсэн, Оюутолгойн орлогыг Монголбанкаар дамжуулан Монголд байлгах гэтэл өөрөө гүйж хөөцөлдөж яваад кноп дарж унагасан” гэнэ.
Төрийн тэргүүний ярилцлагад авто зам, аж үйлдвэр, эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого мөн цаазын ялын тухайд зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол гэсэн онцлогтойг тайлбарласан зэрэг сайн хариултууд байсан. Харин асуултын тухайд тааруухан, эмх цэгцгүй, эр зориггүй гэдэг товч үнэлэмжтэй санал нийлэх хүн олон байгаа болов уу. Үүнийг “Израилийн Ерөнхийлөгчийн хэлсэн дээд боловсролын талаарх тэнэг үгийг” Монгол Улсын Ерөнхийлөгчөөс асууснаар нотолж болох байх аа. Ерөнхийлөгч маань манайд байгаа 95 их дээд сургуулийн төгсөгчид хаана, юу хийж яваагаар тайлбарлана билээ. Үүгээрээ “Дүрслэх урлагийн дунд сургууль Төрийн тэргүүн төрүүлснээрээ дээгүүр цохино” гэсэн үг юм даг уу даа.
Тиймээс Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, С.Баяр нартай холбоотой шүүхээр батлагдаагүй хэрэг тулган орон даяар зарлаж байхад нь хуулийн заалт санал болгохын оронд үг дуугүй сонсож суув. Тэр ч байтугай “одоо өнөөдөр энэ хүмүүсийн томилсон хууль, хүчнийхэн байна шүү дээ” гэснээрээ Төрийн тэргүүн өөрөө хууль, хүчний байгууллагад итгэхгүй байгаагаа илэрхийлж сурталж байгаа хэрэг биш үү.
Ярилцлагын төгсгөлд гэр хорооллын иргэдээр өөрсдөөр нь барилга байгуулж хотоос гаргаж нүүлгэн утаанаас салах шийдэл, “Монгол ялна” уриатай гараад “Монгол ялагдсан тухай”, өрөө дарах бус төсвөө 76 хүнд хувааж өгөөд байвал эдийн засаг сайжрахгүй гэх мэт жаахан уруу дорой үг унагаж өндөрлөв үү дээ.
Ерөнхийлөгч маань энэ удаад яах гэж МҮОНТ-ээр ярилцлага өгөх болсныг үзэгчид хэрхэн ойлгосон бол. Төсөв дээр, эсвэл Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр дэмжлэг авах гэж үү. Яагаад Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаагаа MCS-тэй холбон тайлбарлах гэж тэр үү. Аль эсвэл “тэр орой” телевизээр ярих л ёстой байв уу.
Ц.ОРХОН