Тээврийн цагдаагийн албанаас /ТЦА/ замын зорчих хэсэг, явган хүний зам, талбайд зөвшөөрөлгүй мод, нүүрс худалдах, түргэн үйлчилгээний цэг байрлуулах, дугуй засвар зэрэг худалдаа эрхэлж буй үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Учир нь нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах нь замыг эвдэж сүйтгэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзжээ.
Уг хяналт шалгалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гудамж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэж буй. Мөн дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллах бөгөөд иргэд цагдаагийн байгууллагатай хамтран дээрх төрлийн зөрчлийн мэдээллийг тус албаны цахим сайтуудаар илгээж шалгаж, шийдвэрлүүлэх боломжтой аж. Иймд замын зорчих хэсэг, явган хүний зам дээр зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй иргэд хуулиа баримтлан дээрх үйлдлээ таслан зогсоож, хамтран ажиллахыг ТЦА-аас зөвлөж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ