У.Хүрэлсүх: Боловсруулах үйлдвэр улсын эдийн засгийг босгоно

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Боловсруулах үйлдвэр улсын эдийн засгийг босгоно

У.Хүрэлсүх: Боловсруулах үйлдвэр улсын эдийн засгийг босгоно

Манай сэтгүүлч Ш.Адъяамаа Дорноговь аймагт ажиллаж байна.


Говьд намар налайжээ. Нар ээсэн налгар энэ өдрүүдэд Дорнийн говьд бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэхүү  бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Монгол улс нефть олборлогчоос үйлдвэрлэгч болох юм. Анхны Ерөнхийлөгч урт цагаан дээлээ мялааж асан хар алтыг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгох том амбицынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх төслийн ажил явдалтай танилцахаар Дорноговьд ажиллаж байна.

Монгол газрын тосны хувьд Оросоос 90 хувь хараат.  Энэ нь эдийн засгийн хараат байдлыг дагуулаад зогсохгүй Монголын дотоодын зах зээлд үнийн савалгаа үүсгэх нь бий. Ийм учраас нь үндэсний үйлдвэртэй болж, Москвагийн хараатаас гарах нь Монголын мөрөөдөл байлаа. Мөрөөдлөө гүйцээхээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн зургадугаар сард Дорноговийн Алтанширээтэд газрын тосны үйлдвэрийн шавыг  тавьсан бөгөөд дэд бүтцийн ажил урагштай яваа гэсэн сайн мэдээтэй түүнийг угтсан юм.

Үйлдвэрийг Энэтхэгийн  Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих юм. Нефтийн үйлдвэрийн дэд бүтцийн ажил нээлт хийсэн  зургадугаар сарын 22-ны өдрөөс  өнөөдрийг хүртэл  эрчимтэй өрнөж байна.

Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй тус үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлыг  Монгол Улс хариуцан, 2019 оны сүүл гэхэд дуусгасан байх учиртай аж.  Гадаад талбайн дэд бүтцийн ажил дууссаны дараа гэрээний дагуу Энэтхэг улс газрын тосны  үйлдвэрийг барих гол ажлаа эхлүүлэх аж. Тиймээс Монгол Улс өөрт шалтгаалах ажлаа хоёр жилдээ багтаан хийхийн тулд хариуцсан компаниуд нь амсхийх ч завгүй ажиллаж байна.

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Алтанширээтийн талыг анир гүмээс сэрээх мэт техник, хэрэгслийн дуу тасралтгүй хүржигнэнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлууд болох авто зам, төмөр замын барилгын ажил, цахилгаан дамжуулах шугамын ажил, үйлдвэрийн талбай тэгшлэх, хашаа барих ажлууд ид хийгдэж байна. Тухайлбал, газар шорооны ажил 30 хувийн биелэлттэй, гүүр хоолойн ажил 50 хувийн хэрэгжилттэй явагдаж байгааг Ерөнхий сайдад холбогдох хүмүүс дуулгав.

Цэргийг мянган өдөр тэжээж нэг өдөр ашигладаг гэгчээр Батлан хамгаалахын яамны 7780-р анги 230 цэрэг хүчний бүрэлдэхүүн тус төсөлд идэвхийлэн оролцож байна. Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажилд нийтдээ 500 гаруй хүн ажиллаж байгаа гэсэн мэдээллийг ч хариуцсан яамнаас нь өглөө.  Төслийн хүрээнд нийтдээ гурван том ажил хийгдэж байгаа юм.

  • Төслийн авто зам  төмөр замын барилгын ажлын явц
  • Цахилгаан дамжуулах шугамын ажил
  • Үйлдвэрийн талбай тэгшлэх, хашаа барих ажил гэсэн нийт гурван том ажил хийгдэж байна. Эдгээр ажлын гүйцэтгэл 50 хувьтай явагдаж байгаа гэдгийг Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн удирдлагууд хэлж байв.

1. АВТО ЗАМ, ТӨМӨР ЗАМ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

"Сайншанд-Газрын тос боловсруулах үйлдвэр" чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын авто зам нь 21 км урт бөгөөд 2Б зэрэглэл, тусгай зориулалтын хуримтлуулагч зам юм. Энэхүү зам нь Сайншанд-Баруун-Урт чиглэлийн авто нэг хэсэг болох боломжтой. Үүгээр зүүн зүгийн аймгууд болох Сүхбаатар, Дорнодын иргэд Сайншанд болон Замын-Үүдийн боомт руу босоо тэнхлэгийн АН-3 авто замд холбогдон зорчих боломжтой. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох хүнд даацын тусгай зориулалтын асфальт бетон хучилттай авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж 2019 оны есдүгээр сарын 30 өдөр багтааж ашиглалтад оруулахаар Батлан хамгаалах яамны 7780 дугаар анги 230 хүн хүчний бүрэлдэхүүнтэй, зам барилгын 86 машин механизм, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох салбар төмөр зам, төмөр замын байгууламжийн ажлын зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж 2019 оны аравдугаар сарын 30-ны  өдөрт багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар зам нь 4 дүгээр зэрэглэлийн, 27 км урттай, аж үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачаа тээвэрлэх зориулалттай. УБТЗ нийт 233 хүний бүрэлдэхүүнтэй, 130 машин механизмтайгаар газар шорооны ажил, төмөр бетон ус зайлуулах хоолой, гүүр, холбоос замын ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнээс төмөр замын доод үе буюу ул шороо, ус зайлуулах төмөр бетон хоолойн ажлын дөрвөлжин төмөр бетон хоолой төлөвлөгдсөн.

Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн улсын чанартай авто замын сүлжээний АН3 замын хэсэгтээ хоёр төвшинд огтлолцож байгаа холбоос авто зам төмөр бетон гүүрийн ажил хийгдэж байна. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 3.7 км холбоос авто замын газар шорооны ажил 30 гаруй хувьтай, 25 у/м төмөр бетон гүүрийн ажил 50 хувьтай хийгдэж байна гэдгийг Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн удирдлагууд тодотгов.

2. ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМЫН АЖЛЫГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ

ЦДҮС-ний ажлын гүйцэтгэл 85 хувьтай, өнөөдрийн байдлаар 39 хүний бүрэлдэхүүнтэй гурван бригад, 15 техниктэйгээр ажиллаж Сайншандын дэд станцын өргөтгөлийг хийж нийт 16 ширхэг анкер угсарч, 68 ширхэг тулгуур босгож цахилгаан утсыг татаж дуусгасан. Мөн 110 кВт-ийн хаалттай хуваарилах байгууламж удирдлагын байрыг барьж дуусган дэд станцын тоноглол трансформаторын угсралтын ажлыг хийж байна. ЦДАШ-ын ажлыг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нд дуусгаж улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

3. ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТАЛБАЙ ТЭГШЛЭХ, ХАШАА БАРИХ АЖИ

БХБЯ газрын тос боловсруулах үйлдвэрийн гадна хашаа барих зураг төслийн ажлын даалгаврыг боловсруулж аж ахуйн нэгжүүдийн дунд  тендер зарласан. Тендерт шалгарсан компани нь аравдугаар сарын сүүлчээр бетон хашаа үйлдвэрлэх ажлыг эхлүүлж үйлдвэрийн талбай руу тээвэрлэж, салбар төмөр замын үйлдвэрийн талбай дээрх далангийн ажил дуусангуут талбай тэгшлэх хашаа барих ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Тус ажлын 2019 оны гуравдугаар сараас есдүгээр сарын хооронд хийж дуусгах аж.

“МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ УГ АЖЛЫГ МАШ БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙГААР ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА ГЭЖ ДҮГНЭСЭН”

Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий захирал Д.Цэрэнноров: Сайншанд газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын   нийт 17.5км автозамын барилгын ажил 35 орчим хувьтай явагдаж байна. Үүнээс хөрс хуулалт, далангийн ажлууд төлөвлөгөөт хугацааны дагуу хийгдэж  байна. Авто замын нийт уртад 23 ширхэг хиймэл байгууламж хийхээр төлөвлөгдсөнөөс бүгд хийгдэж дууссан. Мөн таван цэгийн хоолойн ажил бүрэн дууссан. Ус зайлуулах төмөр бетон хоолойн ажил 50 хувьтай хийгдэж байна. Үлдсэн ажлууд нь ирэх жил хийгдэхээр төлөвлөгдсөн. Авто зам 15 метрийн өргөнтэй явах ангийн өргөн нь есөн метр, хаяагаараа гурав гурван метр нийт 14 метрийн өргөнтэй  зам бэлэн болсон. Ажил маш эрчимтэй явагдаж байгаа. Уг бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой Энэтхэг улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд  өнгөрсөн долоо хоногт ирж газар дээр нь танилцсан. Монголын Засгийн газраас хэрэгжүүлж буй уг ажлыг маш богино хугацаанд  чанартайгаар гүйцэтгэж байна гэж дүгнэсэн” гэлээ.

Мөн тэрбээр “Цахилгаан дамжуулах шугам буюу эрчим хүчний ажил нийт 85 хувьтай, өнөөдрийн байдлаар 39 хүний бүрэлдэхүүнтэй, гурван бригад, 15 техник хэрэгслийн тусламжтайгаар ажиллаж  Сайншандын дэд станцын нийт 16 ширхэг анкер угсарч, 68 ширхэг тулгууруудыг босгож, цахилгаан утсыг татаж дуусгасан. Мөн дэд станцын тоноглол трансформаторын угсралтын ажлыг  15 хоногийн дараа гэхэд дуусна. Үүний дараа улсын комисс ажиллуулах, хүчдэл татах ажлууд хийгдэж ирэх оны  арваннэгдүгээр сарын 1 гэхэд  эрчим хүчний ажил бүрэн дуусна” гэдгийг тэрбээр тодотгосон юм.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: НЕФТИЙН ҮНИЙГ ХҮЧЭЭР УНАГААНА ГЭЭД ЦААСАН МӨНГӨ ХЭВЛЭЖ ЧАДАХГҮЙ

Газрын тос боловсруулах үйлдвэр бол Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын онцгой анхаарлын төвд байгаа ажил.  Мөн Монголын ард түмний мөрөөдөл болсон ажил. Бид газрын тосны нөөцтэй атлаа үйлдвэргүй байсаар он  удаан жил болсон. Өнөөдрийг хүртэл үйлдвэрээ барьж чадалгүй, түүхий нефтээ зөвхөн экспортод гаргадаг. Гэтэл өөрсдөө бид нефтээ үйлдвэрлэх бүрэн боломжтой орон. Өнгөрсөн хугацаанд нефтийн үйлдвэр барина гэж  хэд хэдэн удаа шав тавьсан боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй. Харин одоо ажил явж эхэлсэнд миний бие туйлын баяртай байна.  Энэ үйлдвэр бол Монголын ард түмнийг шатахуунаар хангах хамгийн том үйлдвэр гэж би хувьдаа ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг хөл дээр нь босгоход тус үйлдвэр бидэнд хамгийн чухал нөлөөлнө. Жил ирэх тусам шатахууны  үнэ нэмэгдэж, Засгийн газар  үнээ барьж чадахгүй байна гэж ард иргэд маань шүүмжилдэг. Энэ асуудалд Засгийн газар боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Бид одоо асуудалд  цаг зуурын байдлаар хандаж бие биенээ хуурахаа болъё.  Нефтийн үйлдвэрээ хурдан баръя. Уг үйлдвэрээ ашиглалтад оруулснаар дэлхийн зах зээлийн давалгаан дээр явагдаж байгаа нефтийн үнээс бид эх орноо хамгаална. Би үүнд итгэлтэй байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий инженер Д.Алтанцэцэг: Барилгын ажил ирэх онд эхэлнэ

Эрчим хүчний бие даасан байдал гэдэг бидэнд хамгийн тулгамдсан асуудал. Олон жил шатахууны үнийг зохицуулах гэж  төр маш их хүчин чармайлт гаргаж ирсэн. Гэвч бид байгаа  түүхий эдээ боловсруулж шатахуун үйлдвэрлэх хүртэл энэ асуудал бүрэн  шийдэгдэхгүй. Олон жил яригдаж, олон ч шав  тавигдсан  ч ажил хэрэг болоогүй уг бүтээн байгуулалтын ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар урагшлууллаа. Одоогоор үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Ирэх жил гэхэд дэд бүтцийн ажлуудаа дуусгавар болгож барилга байгууламжийн ажлаа эхлүүлнэ. Ингээд 2023 оны эхний хагас гэхэд үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр жилдээ 1.5 сая тонн дизель  боловсруулж  800 тонн орчим дизель гаргах аж. Мөн 300-400  мянган тонн бензин, 100 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

Батлан хамгаалахын яамны 7780-р анги 230 цэрэг бүтээн байгуулалтын ажилд оролцож, цалин авч байгаа.  Ажилд оролцож байгаа инженерийн цэргийн чадавх  эрс нэмэгдсэн. Цаашлаад батлан хамгаалахын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд цэргүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх мөн стратегийн  ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэгчийг шалгаруулах талд арай өөр байдлаар ханддаг байх тал дээр Засгийн газар анхаармаар байна.  Дэд бүтцийн ажлыг ихэнх нь төрийн байгууллагууд л хийж байгаа. Үүн дунд нэг хувийн хэвшил орсон  хэдий ч ажил нь өнөө хэр эхлээгүй  Тендерийн тухай хуультай холбоотой.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр хэлэхдээ “Бид энэ үйлдвэрээ барьснаар дэлхийн нефтийн үнийн ханшийн давлагаанаас ангижирна. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн улс. Би улс эх орныхоо эдийн засгийн харилцааг буцаан социализмын чиглэл рүү оруулах тухай бодол үнэндээ алга. Зах зээл бол зах зээл. Дэлхий дээр нефтийн үнэ нэмэгдэх тусам манай улсад нефтийн үнэ дагаад нэмэгддэг.  2011 онд нэг баррель нь 100 ам.долларт хүрч, 2016 онд 40 ам.долларт хүрч энэ жил буцаад өсч нэг баррель нь 85 ам.долларт хүрлээ. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ ханш ямар байна вэ гэдгээс  хамаарч Монгол Улс шатахуунаа ам.доллараар худалдан авч байна. Бид доллар үйлдвэрлэдэггүй орон. Дэлхий нийтэд болж буй худалдааны дайны үр нөлөө манай улсад сөргөөр нөлөөлж байгаагийн нэг нь нефтийн асуудал. Улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлаа хадгалсан улс орон болохын төлөө би зүтгэх ёстой.Ингэхийн тулд гурван зүйлийг хийх нь зүйтэй гэж харж байгаа. Эдгээр нь эрүүл хүнс, эрчим хүч, нефть, шатахуун тослог материалаар иргэдээ  хангах явдал юм. Эдгээрийг хангаж чадвал манай улс хүчирхэг орон болно. Улмаар бусад бүх салбар хөгжинө. Тиймээс бид өнөөдөр газрын тос боловсруулах үйлдвэрээ барихын төлөө хичээн ажиллаж байна. Түүнээс биш Ерөнхий сайд нефтийн үнэ ханшийг хүчээр унагаана гээд  цаасан мөнгө хэвлэж чадахгүй. Ийм тохиолдлууд өмнө нь гарч байсныг та бүхэн мэдэж байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк  8 их наяд цаасан мөнгө хэвлэсэн. Тухайн үед нефтийн үнээ барьж байгаа мэт харагдсан боловч харамсалтай нь тэгж чадаагүй, эдийн засгаа унагаасан. Өр зээлэнд оруулсан,ам.долларын ханшийг улам өсгөсөн. Тийм учраас одоо хүчээр мөнгө хэвлэх зэрэг захиргаадалтын аргаар шатахууны үнийг хатуу барина гэдэг нь зах зээлийнхээ эсрэг явж алсдаа улс эх орныхоо эдийн засгийг сүйрүүлэх зам руугаа орно.  Үүнээс гарах зүйл нь нефтийн үйлдвэр барих явдал юм. Ингэж чадвал бид 1 тэрбум ам.доллараар гадаад зах зээлээс нефть худалдаж авахгүй болно” гэсэн юм.

 ОРОН НУТГААС 120 ГАРУЙ АЖИЛТАН АЖИЛЛАЖ БАЙНА

Өнгөрсөн гурван сарын хугацаанд орон нутгаас 120 гаруй ажилтан ажиллуулж орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 800 сая төгрөгийн бетон зуурмаг, хэв хашмал, цемент, хайрга зэрэг бусад барилгын материал, 600 гаруй ажилтны хэрэглэх хоол хүнс, ахуйн бараа материалыг худалдан авч орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Төмөр зам авто замын хоёр төвшний уулзвар болон холбоос 3.7 км авто замын ажлыг орон нутгийн компаниар гүйцэтгүүлж байгаа аж.  Орон нутгийн АЗЗА-тай түр шороон замын арчлалтыг хэвийн байлгаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар гэрээ байгуулан ажиллаж байна. Дорноговь аймаг болох Сайншанд, Алтанширээ сумын ИТХ, ЗДТГ-аас бүтээн байгуулалтын ажлыг бүх талаар дэмжиж, үйлдвэрийн болон дэд бүтцийн газрын зөвшөөрлүүдийг түргэн шуурхай гаргах замын даланг байгуулахад шаардагдах хайрганы карьеруудыг ойроос олох орон нутгийн хайгуулын лиценз эзэмшдэг компаниудтай хэлэлцээр хийх зэрэг туслалцаа үзүүлж байгаа гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж