Тэрбумын өртөгтэй "Туушин" -гийн өргөтгөлийг нураалаа

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Тэрбумын өртөгтэй "Туушин" -гийн өргөтгөлийг нураалаа

Тэрбумын өртөгтэй "Туушин" -гийн өргөтгөлийг нураалаа

Нийслэлийн Газрын албанаас өнөөдөр /2018.10.16/ “Туушин” зочид буудлын өргөтгөлийн хэсгийг албадан буулгалаа. Явган хүний зам, гарц хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зорилгоор Нийслэлийн Газрын алба Улаанбаатар хотын хэмжээнд газар албадан чөлөөлөх ажлыг хийж буй. Тус газраас “Туушин” зочид буудал ХХК-д өргөтгөлийг аравдугаар сарын 15-нд багтаан чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг аравдугаар сарын 9-нд хүргүүлсэн байсан аж. Өргөтгөлийг албадан буулгах үеэр “Туушин” зочид буудлын удирдлагууд Сүхбаатар дүүргийн газрын албаны хүмүүс хооронд маргаан үүссэн  юм.

АЛБАДАН БУУЛГАХ АЖИЛЛАГАА ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЯВАГДАЖ БАЙНА

 

 

Сүхбаатар дүүргийн газрын албаны ахлах мэргэжилтэн Э.Төвшинбаяр “Нийслэлийн засаг даргын 2018 оны аравдугаар сарын 15-ний өдрийн А973 гэсэн захирамж  гарсан. Тус  захирамжид  “Туушин” зочид буудлын нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам хааж, зохих  зөвшөөрөлгүй шат, автомашины орц гарц  хааж, барьсан зөрчлийг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг   зөрчсөн үйлдлийг  таслан зогсоох зорилгоор албадан буулгах  захирамж гаргасан. Албадан буулгах захирамж гарахаас өмнө хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Харин тэрхүү  хугацаанд зохих ёсоор зөвшилцөх хэмжээнд хүрээгүй. Тиймээс албадан буулгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна” гэв.

ЗУРАГ СХЕМИЙГ ХОЛБОГДОХ БҮХ ХҮМҮҮСЭЭР БАТЛУУЛСАН  ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ АВСАН

Туушин” зочид буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Туяагаас бид дараах тодруулгыг хийлээ.

-Танай  байгууллагыг газар эзэмших гэрээг зөрчин, дур мэдэн газрын хэмжээг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн замд шат, орц гарц хийсэн зөрчилтэй хэмээн холбогдох байгууллагаас үзсэн байна?

-“Туушин” зочид буудал 1996 онд баригдсан. Харин 2014 онд зочид буудлынхаа үүдний  тохижилтыг өргөтгөн  орчин үеийн шийдэл бүхий тохижилтыг хийлгэсэн. Мэдээж тухайн үед өргөтөл хэсгийг барихдаа холбогдох  бүх шатны байгууллагаас  зөвшөөрөл  авсан. Тэрхүү зөвшөөрлийн дагуу  үүдний хэсэгт тохижилт хийсэн юм.  Манай зочид буудал олон улсын Америкийн  Вестэрн Премьер сүлжээ зочид буудлуудын нэг. Тийм ч учраас өргөтгөл хэсгийн зураг схемийг Америкт хийлгэсэн.  Зураг схемийг холбогдох бүх хүмүүсээр батлуулсан  зөвшөөрлийг нь авсан.

-Нууц биш бол тухайн үед хэдэн төгрөгөөр бариулж байсан бэ?

-100 тэрбум төгрөгийн асуудал яригдана.

-Уг нь  танай байгууллагад хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн гэсэн?

Хувийн өмчид ганцхан мэдэгдэл хүргүүлээд, шууд нураачхаж болдог юм уу. Бид холбогдох байгууллагад санал гомдлоо  хүргүүлсэн.  Үүний дагуу харилцан ярилцаж шийдэх ёстой байтал төр захиргааны байгууллага хувийн  өмчид ингэж хууль бусаар халдаж болдог юм уу. “Туушин” зочид буудал анх баригдсан цагаас хойш  гурван удаа ойр орчмын гудамж, талбай, гэрэлтүүлгийг янзлан тохижуулж байдаг.  Бид хотын хөгжил дэвшилд хувь  нэмэр оруулах юмсан гэж чин сэтгэлээсээ ажиллаж байгаа.  Үүнийхээ төлөө ч байгууллага маань нийгмийн хариуцлагаа хүлээгээд явж байна. Тохижилтын  ажлын хүрээнд явган хүний  гарцын хоёр талыг цагаан зураасаар будаж тэмдэг, тэмдэглэгээ хийсэн. Ямар нэгэн  хэмжээгээр  хүмүүсийн аюулгүй байдлыг бодохгүй биш бодож байна. Хийхгүй биш хийж байгаа.  Өнөөдөр гэхэд   манай буудалд олон улсын  хурал болж байна. Хуралд ирсэн  хүмүүсийг яаж оруулж гаргах юм. Энэ мэтчилэн олон асуудал байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг дээ. Ярьж шийдэх ёстой байсан асуудлыг заавал төрийн захиргааны хүчийг олон нийтийн нүдэн дээр, байгууллагын нэр хүндэд  халдаж нураах шаардлага байсан юм уу. Хувийнхаа өмчийг нураалгаад үнэхээр сэтгэл өвдөж байна. Хэлэх үг алга" гэв.

Нийслэлийн газрын албанаас газрыг чөлөөлж дууссаны дараа тохижилтын ажил  шууд хийх аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
99
ЗөвЗөв
29
ХахаХаха
10
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж