Энэ удаагийн ярилцлагын буландаа спортын мастер, бодибилдинг, фитнессийн тамирчин Х.Оюунтуяаг урилаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?
-Та бүхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Х.Оюунтуяа гэдэг. Гэхдээ “ДЖАнна” гэдгээр нь хүмүүс илүү мэдэх байх. Бодибилдинг, фитнессийн тамирчин. Банк санхүүч мэргэжилтэй.
-Багадаа ямар хүүхэд байв?
-Даруухан, дуугүй хүүхэд байсан. Нүдэндээ юмыг төсөөлж мөрөөдөх дуртай. Мөрөөдөлдөө амьдардаг байсан гэхэд болно. Одоо харин тэр үед мөрөөдөж байсан ихэнх зүйл биелж байгаа. Моринд их дуртай, зун болохоор л хөдөө эгчийнх рүүгээ яардаг. Хөдөө байх хугацаандаа олон зүйл сурч, зөв төлөвшиж хүмүүжсэн гэж боддог. Биеэ даасан, үүргээ ухамсарласан, эхлүүлсэн бол дуусгадаг, хатуужилтай болсон зэрэг нь одоогийн амьдралд минь их хэрэг болж байгаа. Гэр бүлтэйгээ ойр өссөн болохоор би үнэхээр азтай, бүрэн дүүрэн хүн.
-Бодибилдингийн спортыг сонгон хичээллэхэд хэн нэгэн нөлөөлсөн үү, эсвэл сонирхлоо дагасан уу?
-Би 2009 оноос л мотоцикл унах сонирхолтой байлаа. Боломж нь таарахгүй явсаар 2012 онд ажил, амьдрал маань цэгцэрсний дараа сонирхлоо дагаж хэдэн сар мотоциклтой хотоор явсан. Дараа нь мотоциклын дамжаанд сууж А ангиллын үнэмлэх авч, хоёр жил дараалан олон улсын хол зайн бартаат тэмцээнд оролцож байлаа. Гэхдээ амжилт гаргаж чадалгүй биедээ гэмтэл авсан юм. Үүний дараа бие бялдраа сайжруулахын тулд фитнессээр хичээллэж эхэлсэн. Хичээллэж эхлээд гурван сарын дараа сонирхогчдын тэмцээн болдог гэж мэдээд орж үзэхээр шийдсэн. Фитнессийн гоё биетэй охидыг хараад өөрийн биеэ ямар болохыг нь харахыг хүссэн хэрэг л дээ. Би тэр үед 54 кг жинтэй нэлээн чөргөр байсан. Харин одоо цэвэр булчингийн масс нэмж 63 кг болсон. Тасралтгүй дөрвөн жил тэмцээнд оролцож байна. Нийт 10 тэмцээнд орсноос тавд нь амжилт гаргасан. Одоо спортын мастер цолтой.
–Эмэгтэй хүн энэ спортоор хичээллэхэд хүнд хэцүү зүйл нь юу вэ?
-Бодибилдинг фитнессийн спорт цэвэр тэвчээр, хатуужил шаарддаг. Өөртэйгөө өрсөлдөж ялан дийлэх ёстой. Би айдастайгаа нүүр тулдаг. Айдас хүнийг сул дорой болгодог учраас айдсаа давж чадах хүчтэй байхыг хүсдэг. Фитнессийн хаалгаар орохдоо л өөртэйгөө тэмцэж ордог. Дасгалын үед булчин өвдөж байж өөрчлөгддөг учраас тэр бүх өвдөлтийг тэсээд гарна гэдэг хүнд. Ялангуяа өөрөө өөрийгөө өвтгөх гэдэг эвгүй. Өвдөөд уйлах үе байсан, ухаан алдаж унах үе ч байлаа.Тэмцээний бэлтгэлтэй байх саруудад шөнө шөрмөс татна, нойргүйднэ гээд бэрхшээлүүд зөндөө. Хамгийн гол нь тэр бүгдийн дараа үр дүн гэдэг зүйл хамгийн сайхан нь. Тайзны ард гарах гээд зогсож байх үе хамгийн аз жаргалтай байдаг. Тэр үед хэдэн сарын ачаалал, бэлтгэл, хоолны дэглэм хэцүү байсан бүхнээ мартдаг. Энгийн үед ч өөрийнхөө бүтээсэн биед сэтгэл хангалуун амьдарна гэдэг сайхан. Мэдээж хэцүү биш байсан бол бүх хүн л сайхан биетэй байна байх. Энэ бүхнийг давахад миний багийн хүмүүжил 100 хувь нөлөөлсөн нь гарцаагүй.
–Таныг “ДЖ” гэдгээр нь өсвөр үеийнхэн илүү мэднэ. Танд үүнээс өөр урлагийн авьяас бий юу?
-Би яг өөрийгөө урлагийн авьяастай гэж бат итгээгүй байгаа. Урлаг тал дээр би супер амжилт гаргаж чадаагүй л явна. Хэдий найман жил “ДЖ” хийж байгаа ч гэсэн өөрийгөө сайн мундаг гэж хэлүүлэхээр уран бүтээл гаргаагүй. Урлагт хувь нэмэр оруулж амжаагүй байна. Би урлагт хайртай. Анхнаасаа өөрийгөө эрт олсон бол урлагийн сургуульд л орох байсан юм гэж их боддог бас харамсдаг.
-Найз залуутай юу?
-Тийм ээ, найз залуутай. Намайг маш сайн ойлгодог. Надтай адилхан тамирчин бас эрх зүйч мэргэжилтэй мундаг залуу байгаа.
-Та фэйсбүүк хуудсандаа хартай залуучуудыг шүүмжилсэн байсан. Хардалтыг юу гэж боддог вэ?
-Хардалт бол өвчин гэдэгтэй 100 хувь санал нийлнэ. Үнэхээр зүгээргүй байвал харамлаж, хардах нь зөв л байх. Харин мөрөөрөө ажлаа хийж байхад нь хардах, гарч ороход нь хардах, хажууд нь хамтдаа байхад нь л хардаад байдаг үзэгдэл зөндөө. Энэ нь хардуулж байгаа хүнд нь дарамт стресс дарангуйлал болоод ирдэг. Эцэстээ найз нөхөдгүй, ажилгүй, хүрээлэлгүй тэжээвэр нохой мэт л болдог. Хайран залуу нас амьдрал биздээ. Хүн ганц л амьдарна. Өөрийнхөө амьдралын цаг хугацааг хайрлаж харамлах хэрэгтэй. Хардаж байгаа хүн нь хорьж, цагдаж, боосоор гэрийн мухар сахисан сэгсгэр авгай болонгуут нь голоод дэнгийн эрвээхий дагаад явчихдаг нь үнэн. Хаяад явахгүй юм гэхэд хийх ажилгүй авгайгаар нь загнаад суудаг. Ер нь бол хосуудын харилцаа там болох уу диваажин болохуу гэдэг нь өөрсдөөс нь л шалтгаална. Хардалтаас бүх л муу муухай зүйл үүсдэг
-Таны бодлоор “эмэгтэй хүн” ямар байх ёстой вэ?
-Эмэгтэй хүн өөртөө хайртай байх хэрэгтэй. Хайртай гэдэг нь өөрийгөө гоёж гоодоод үргэлж толины өмнө суухыг хэлэхгүй. Өөрийгөө үнэ цэнэтэй байлгаж хүндлэх хэрэгтэй. Өөрийгөө хүндэлдэггүй хүнийг бусад хүн хэзээ ч хүндлэхгүй. Бусдадаа үлгэр дуурайлал болдог байх хэрэгтэй. Хөдөлмөрч, өөртөө арчаатай байх хэрэгтэй. Хамгийн чухал нь нөхөр эсвэл найз залуугаасаа санхүүгийн хараат бус байх ёстой. Хэдий сайн нөхөртэй болсон ч зүгээр битгий суу. Хэрвээ ажил хийж чадахгүй бол сайн гэрийн эзэгтэй бай. Сурч боловсрох дургүй бол гэрийн ажлыг сайн хийж сурсан байх хэрэгтэй гэж би боддог.
-Энэ ярилцлагыг уншиж байгаа охидод юу гэж зөвлөмөөр байна?
-Хамгийн эхэнд өөртэйгөө маш сайн ярилцаж байгаарай. Чамайг өөрөөс чинь өөр хэн ч сайн мэдэхгүй. Тиймээс чи л өөрийгөө сонсож өөрчилж чадна. Залуу насаа хайрлаж яваарай гэж хэлье дээ.
М.БААСАНДЭЛГЭР
Холбоотой мэдээ