Албан үүргээ гүйцэтгэж явсан хэв журмын цагдааг дайрч хэргийн газраас зугтсан талаар өчигдөр /2018.10.15/ мэдээлсэн билээ. Хэрэг явдлыг тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Япон цогцолбор”-ын орчимд өчигдөр 11.30 цагийн үед хоёр этгээд цагдаагийн алба хаагч Б-ийн тавьсан шаардлагыг үл биелүүлж машинаараа дайрч зугтсан байдаг. Зугтаахын өмнө автомашинаараа цагдаагийн албан хаагчийг дайрч, чирсэн байдаг.
Уг хэрэгт 45 настай Б.Энхбаяр, 25 настай Т.Лундаа нарыг холбогдуулан эрэн сурвалжилж байсан бөгөөд цагдаагийнхан өнгөрсөн шөнө тэднийг баривчилжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр /2018.10.16/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад зугтсан хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид өчигдөр 22.30 цагт Т.Лундааг Майхан толгой орчмын төв замаас, Б.Энхбаярыг 23.35 цагт Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхыг нь олж, баривчилсан байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч одоог хүртэл ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Өнөөдөр хагалгаанд орж байгаа" гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ