Японы чөлөөт бөхийн шилдэг тамирчны нэг Каори Ичо дэвжээндээ эргэн ирлээ. Олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Ичо өнгөрөгч ням гаригт(2018.10.14) болсон чөлөөт бөхийн Бүх Японы аварга шалгаруулах нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд түрүүллээ. Тэрбээр “Рио 2016” олимпийн наадамд түрүүлсний дараа дахин дэвжээнд гарч байгаа нь энэ юм.
Энэ жил 34 настай Ичо тав дахь олимпийн наадамд зодоглох гараагаа эхлүүллээ.
Ичо 2004 оны Афины олимпийн наадмаас эхлэн дөрөв дараалан олимпийн наадамд түрүүлсэн ховор амжилтын эзэн. Мөн олимпийн наадмын хооронд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа түрүүлж, агуу тамирчин гэдгээ баталсан юм. Харин түүнийг 2016 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр ОХУ-ын Красноярск хотод болсон олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнд Монголын тамирчин П.Орхон ялж түрүүлэн шуугиан тарьж байсан. Энэхүү ялагдлын дараа Ичо өөртөө томоохон дүгнэлт хийж, Риогийн наадамд аваргын алтан медаль хүртсэн. Тэрбээр олимпийн наадмын дараа дахин тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрөгч амралтын өдөр Мишима хотод болсон Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түрүүллээ. Түүний жинд Японы ирээдүй болсон шилдэг тамирчид барилдсан ч Ичо туршлага заан аваргын тавцанд зогсож чаджээ.
Алдарт бөх Каори Ичо нутагтаа болох олимпийн наадамд зодоглохын эрхийн төлөө олон шалгуурыг давах юм. Тэрбээр өөртөө боломж бий гэдгээ энэ удаагийн тэмцээнээр харууллаа.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ