Хөндүүр сэдэв: ЯНДАН ХӨӨЛӨХ 54 ТЭРБУМ

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Хөндүүр сэдэв: ЯНДАН ХӨӨЛӨХ 54 ТЭРБУМ

Хөндүүр сэдэв: ЯНДАН ХӨӨЛӨХ 54 ТЭРБУМ

Зуун мянган айлын янданд төхөөрөмж суурилуулснаар агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлээд, утаа арилахгүй бол албан тушаалаасаа ч огцрохоо илэрхийлэв.

Салбарын сайдын албан тушаалын дэнчинтэй татвар төлөгчдийн 54 тэрбум төгрөгөөр яндан хөөлөөд агаарын бохирдол буурсан эсэхийг ямар үзүүлэлтээр хэрхэн тооцох нь үнэндээ эргэлзээтэй юм.  "Утаа өтгөрсөн ч агаарын бохирдол буурсан" гэх үгээр утаатай тэмцэх төсөл болгон төгсдөг болоод удаж байгаа.

Хэдэн жилийн өмнө С.Батболдын Засгийн газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар зуух тараасныг санах хүн олон биз. Хуучин зуухыг нь хурааж, шинэ зуухаа хөдөө орон нутаг руу зарвал торгох арга хэмжээ авна ч гэж айлгаж байлаа. Энэ ажилд төсвөөс 68 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл агаарын бохирдол буураагүй, эсрэгээрээ ихсэж, хөнгөлөлттэй үнээр тараасан зуух захаасаа эвдэрч, дараагийн Засгийн газарт ажил удсан.

Ийм гашуун сургамж байсаар атал нэг бүрийн үнэ нь 200 ам.долларын үнэтэй шүүлтүүрийг 100 мянга гаруй айлын янданд суурилуулахаар 2019 оны төсвийн төсөлд 54 тэрбум төгрөг суулгасан нь үнэндээ “мөнгө угаах”  арга гэж харагдаж байна.

Дээр нь энэ төхөөрөмжийг яндандаа суурилуулсан айл болгоны цахилгааны сарын төлбөр дээр 22 мянган төгрөг нэмж бодогдоно. Шуудай нүүрсээ арайхийн авч, хүйтнийг давдаг орлого багатай өрхөд энэхүү нэмэлт төлбөр ачаа  болно. Чухамдаа сар болгоны хэрэглэсэн цахилгаан дээрээ 22 мянган төгрөг төлөхөөс  хоёр шуудай нүүрс авахыг илүүд үзэх хүмүүс гэр хороололд цөөнгүй бий.

Агаарын бохирдлыг бууруулахын төлөө иргэн бүр үүрэг хүлээх ёстой ч янданд суурилуулсан шүүлтүүрийн төлбөрийг төлөөгүйн төлөө цахилгаанаа таслуулж, эрхээ хязгаарлуулах ёсгүй. Тэр тусмаа утааны бизнесийг дэмжихийн төлөө ачаа үүрэх шаардлагагүй.

Агаарын бохирдлыг бууруулах гэсэн Засгийн газрын зорилгыг нь буруутгах гэсэнгүй. Анхнаасаа амьдралд хэрэгжих хөтөлбөр санаачилж, эцсийн үр дүнг нь сайтар тооцоолж ажил эхлүүлэхгүй бол утаатай тэмцэх нэрийн дор тэрбум, тэрбумаараа хөрөнгө “урсдаг” буруу жишиг тогтлоо.

Зөвхөн агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор дөрвөн төслийн нэрээр төсвөөс 200 тэрбум төгрөг зарцуулсан өнгөрсөн жил хууль тогтоогчид халаглаад л сууцгааж байсан. Энэ бол 10 мянган айлын орон сууц барих мөнгө гэсэн тооцоог зарим улстөрчид гаргасан байсан. Тэгвэл яндан хөөлөх 54 тэрбум төгрөг 2500 айлын орон сууц барих мөнгө шүү.

Янданд шүүлтүүр суулгаж 54 тэрбумыг агаарт цацсанаас 2500 айлыг орон сууцжуулах бодлого хэрэгжүүл… Орон сууцанд орох хүсэлтэй ч урьдчилгаагүйгээс гэр хороололд амьдардаг өчнөөн мянган өрх бий. Тэдэн рүү дэмжлэг болгож, сар бүр орлогоос нь урьдчилгаагаа суутгах замаар дараагийн иргэдийн орон сууцны 30 хувийн урьдчилгааны эх үүсвэрийг бүрдүүлэх схем боловсруул…

Агаарын бохирдолтой богино хугацаанд тэмцэх арга нэрийн доорх энэ үр ашиггүй төслөөс болж, арван жилийг улаанбаатарчууд алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор ирлээ. Одоо эргэлзээгүйгээр гэр хорооллоо барилгажуулахад л анхаар. Яндан хөөлөх 54 тэрбумын төлөө татвар төлөгчид зүтгээгүй шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж