Индонезийн Жакарта хотод Азийн паралимпийн III наадам амжилттай зохион байгуулагдаж өнгөрөгч долоо хоногт хаалтаа хийлээ. Уг наадамд 43 орны 2762 тамирчин спортын 18 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Монгол Улсаас есөн спортын төрөлд 40 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэн 25-р байрт жагсав. Нийт 33 орон ямар нэгэн медаль хүртсэнээс БНХАУ, БНСУ, Иран, Япон, Индонезийн баг тамирчид эхний байруудад бичигдлээ.
Азийн паралимпийн наадмаас пауэрлифтингийн 100 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 244 кг-ыг өргөн дэлхийн дээд амжилтыг дөрвөн кг-аар ахиулан алтан медаль хүртэн төрийн дууллаа Жакартагийн тэнгэрт эгшиглүүллээ. Мөн хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн Т40 ангилалд Э.Өнөрмаа, байт харвааны холимог багийн төрөлд Б.Оюун-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн бол жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Д.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг нар хүрэл медаль хүртлээ.
Азийн паралимпийн III наадмын хаалтын ажиллагааны төгсгөлд Азийн пара наадмын далбааг 2022 онд уг наадмыг зохион байгуулах БНХАУ-ын Ханжоу хотын төлөөлөгчдөд шилжүүлэн өгсөн байна.
Монголын баг тамирчдын түрүүч өнөөдрөөс эх орондоо ирлээ.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ