"Сингапур Эйрлайнс" энэ сарын 11-нд дэлхийн хамгийн урт цагийн нислэг үйлджээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны мэдээгээр “Сингапур Эйрлайнс” агаарын тээвэрлэгчийн “Changi”-“Newark Liberty” чиглэлийн нийт 36 нислэг 10 дугаар сарын 11-29-ний хооронд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэхээр төлөвлөгдөн, зөвшөөрөл авсан байна.
Дээрх агаарын тээвэрлэгч нь “Аэробус 350-941” маягийн агаарын хөлгөөр Сингапураас Нью-Йорк хүртэл /16,700 км/ зогсолтгүйгээр 19 цаг нислэг үйлдсэн ба агаарын хөлөгт нийт 150 зорчигч, багийн 17 гишүүн байжээ. Сингапураас хойд зүгт Камбож, Лаос, Хятад, Монгол, Оросын нутгуудыг дайран Хойд туйлын агаарын зам, баруун зүгт Баффин арлаар дамжин Нью-Йорк хүртэл үргэлжилсэн байна. Монгол Улсын агаарын зайд 10 дугаар сарын 13-ны өдрийн 02:06 цагт LETBI агаарын хаалгаар нэвтрэн B480 агаарын замаар нийт 01:00 цагийн нислэг үйлдэн MORIT агаарын хаалгаар 03:06 цагт БНХАУ-ын агаарын зайд нэвтрэн оржээ.
Монгол Улсын агаарын зайгаар уг нислэг 2018-2019 оны өвлийн улиралд өдөр бүр буюу нийт 306 нислэг “Changi” олон улсын нисэх буудал болон “Newark Liberty” олон улсын нисэх буудлын хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Мөн дэлхийн хамгийн урт цагийн нислэгүүд болох Сингапур-Нью-Йорк, Лос-Анжелес-Сингапур, Сан Франциско-Сингапур зэрэг 3 чиглэл нь Монгол Улсын агаарын зайд 2017-2018 оны зуны улиралд 900 орчим нислэг төлөвлөгдөн, зөвшөөрөл авсан юм.
ХАМГИЙН УРТ НИСЛЭГҮҮД
- Сингапур – Нью-Йорк – 16,700км
- Доха – Окланд – 14,259км
- Лондон – Перт – 14,496км
- Дубай – Окланд – 14,200км
- Лос-Анжелес – Сингапур – 14,113км
- Сидней – Хьюстон – 13,833км
- Сидней – Даллас – 13,837км
- Сан Франциско – Сингапур – 13,592км
- Атланта – Йоханнесбург – 13,581км
- Абу Даби – Лос Анжелес – 13,502км
Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР