АН эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээ 98 мянган хүнээс сонгоно          | News.MN

АН эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээ 98 мянган хүнээс сонгоно

АН эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээ 98 мянган хүнээс сонгоно

АН эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээ 98 мянган хүнээс сонгоно         

Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-г өнгөрсөн 18 жилийн хугацаанд Ж.Эрдэнэчимэг гэх эмэгтэй тэргүүлж байсан гэдгийг тус холбооны Ерөнхийлөгчийг сонгох албан тушаалын марафоноор олон нийт мэдэж авах шиг боллоо. Монголын хүн амын 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд гэж тооцохоор Монголын хоёр хүн тутмын нэгэнд нь хамаарах эл байгууллага яг юу хийдэг нь тодорхойгүй. Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэгийг хүмүүс таних нь битгий хэл сургийг нь дуулаагүй болж таарч байна. Эмэгтэйчүүдийн байгууллага бол манлайллаар явдаг, нийгэмд олонд танигдсан ажлуудыг хийдэг, хийж буй ажлаараа хэдийнээ олонд танигдсан байх ёстой байгууллага.

Анх байгуулагдсан цагаас тооцож үзэхэд 94  жилийн түүхтэй тус байгууллага  Монголд төдийгүй Азидаа анхны эмэгтэйчүүдийн байгууллага болж байгуулагдаж байсан түүхтэй. Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам энэ байгууллагыг хариуцсан анхны дарга байжээ. Монголын эмэгтэйчүүдийн холбоо тавдугаар их чуулганаа хийхдээ 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс  нийт 3000 гаруй эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулан ерөнхийлөгчөөрөө сэтгүүлч Б.Оюунгэрэлийг сонгов. Эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах үүднээс эвлэлдэн нэгдсэн нийгэмд үйлчлэх уг төрийн бус байгууллагын тэргүүнд 18 жил ерөнхийлөгчөөр ажилласан Ж.Эрдэнэчимэг, сэтгүүлч Б.Оюунгэрэл нарын цөөн эмэгтэй өрсөлджээ. Чингэхдээ зөвхөн МЭХ-той хамтарч ажилладаг байгууллагын гишүүд нь санал өгөх эрхтэйгээр буюу 80 эмэгтэйн саналаар тооцсон нь хэн ч харахад хэдийнээ урьдчилан тохирсон тохиролцоогоор явсан нь ойлгомжтой.

Сонирхолтой нь уг чуулганд оролцсон хүн бүр 108 мянган төгрөгийн такс төлж оролцсон гэх бөгөөд 324 сая төгрөг цуглуулан байж хэн дарга болох вэ гэдгээ шийдвэрлэж байгаагаас биш хэн нь ямар мөрийн хөтөлбөртэйгөөр яаж ажиллах вэ гэдгийг хэлэлцсэнгүй. Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол олон улсын хэмжээнд Монголын бүх эмэгтэйг төлөөлдөг эрх бүхий байгууллага гэдэг утгаараа гаднын улс орнуудын төсөл хөрөнгө оруулалт тасралтгүй хийгдэж байдаг газар. Гэтэл хөрөнгө оруулалт Монголын эмэгтэйчүүдийн эрх, сайн сайхны төлөө хийгдэх ёстой байтал сүүлийн жилүүдэд тэр дундаа сүүлийн 20 гаруй жил Ж.Эрдэнэчимэг гэх хүний хувийн компани аятай явж иржээ гэдэг нь тодхон харагдана.

АН-ЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГА БУЮУ АЭХ

Яг одоо АН дахь эмэгтэйчүүдийн байгууллагын сонгууль эхэлж нэр дэвшигчид нь орон даяар ид ажиллаж байна. АН Үндсэн дүрэмдээ хэсэгчилсэн өөрчлөлт оруулахдаа намын шат шатны сонгуульт 6700 албан тушаалтныг бүх гишүүний саналаар тодруулна гэж оруулснаар  намын дарга, аймаг нийслэл дүүргийн намын хорооны дарга, ҮБХ-ны гишүүд болон намын дэргэдэх байгууллагууд нийт гишүүдийн саналаар сонгогддог болсон. Тиймээс АЭХ-ны тэргүүнийг бүх гишүүний саналаар тодруулахаар АН-ын нэр дэвшигч лидер эмэгтэйчүүд 21 аймаг, есөн дүүргээр буюу орон даяар өртөөлөн ажиллаж байна. Намын дүрмийн өөрчлөлтийн дагуу урьд нь АЭХ-ны тэргүүнийг 300 хүнээс сонгодог байсныг өөрчилж 98 мянган гишүүнээс сонгохоор болгожээ. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны одоогийн тэргүүн С.Одонтуяагийн бүрэн эрх дуусахад хоёр жил дутуу байсан ч үндсэн дүрэм, намын шинэчлэлээ дагаад сунгаа явуулахад хүрчээ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны  тэргүүнд С.Одонтуяа, Цэрэндолгор, Пүрэвхатан нар, Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, Б.Пунсалмаа нар нэр дэвшин өрсөлдөж байгаа. Мөн аймаг, сум, дүүргийн АЭХ-ны тэргүүнүүд сонгогдоод байна. Тухайлбал, нийслэлийн Багануур дүүргийн АЭХ-ны тэргүүнээр Б.Сайнзаяа, Дорноговь аймаг Д.Гантогтох нар сонгогдсон байх жишээтэй. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа Хэнтий аймгаас эхэлсэн бол Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр аймаг болон нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт өртөөлөн одоогийн байдлаар нийт 1000 орчим эмэгтэйчүүдтэй уулзаад байгаа гэнэ. Цаашлаад баруун аймгуудад ажиллах аж. Нэр дэвшигчид орон нутагт ажиллах үеэрээ эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудлыг сонсч, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл зэрэг хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудлын гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж, тэдний дуу хоолой, хүчтэй төлөөлөл болж ажиллахаа хэлж ярьж байгаа аж.

МАН-ЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГА БУЮУ НАМЭХ

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-г УИХ-ын гишүүн, сайд Ц.Цогзолмаа тэргүүлдэг. Эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн тэргүүлэх вэ гэдгийг сонгогчдоосоо биш МАН-ын Удирдах зөвлөлөөс ирүүлсэн заавар, шийдвэрээр сонгодог нь хэдийн тогтсон уламжлал. Хэрвээ уншигчид санаж байгаа бол

НАМЭХ-ны ерөнхийлөгч байсан Д.Оюунхорол 2014 онд өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа нэрээр

Ц.Цогзолмаа бараг өрсөлдөгчгүй шахам эл байгууллагын ерөнхийлөгч болсон түүхтэй. Хуучин дарга Д.Оюунхорол нь сонгуульт хугацаагаа болоогүй байхад ажлаа “сайн дураараа” өгөх болсон учир нь тухайн үед МАН 27 дугаар их хурлаа хийж “Хотын фракц”-ийн толгойлогч М.Энхболдыг намын даргаар сонгосон учраас  автоматаар намын дэргэдэх эмэгтэйчүүд, оюутан, залуучуудын зэрэг байгууллага түүний мэдэлд шилжих ёстой байв. Тиймээс эмэгтэйчүүдийн байгууллага М.Энхболдын гарын хүмүүсийн нэг болох Ц.Цогзолмаад шууд автоматаар очиж байгаа нь тэр. Тэр үед У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооны хувьд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужинг НАМЭХ-ны тэргүүн болгох гэж Удирдах зөвлөл, Бага хуралдаа оруулсан ч  бүтэлгүйтсэн. Нэр дэвшүүлэлтэд Сү.Батболд, С.Баяр нарын цөөнх нөхдийн зүгээс БСШУ-ны дэд сайд асан Б.Ундармааг зүтгүүлээд бараагүй. НАМЭХ-ны тэргүүнийг сонгох тэрхүү хурал дээр МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Б.Долгор “Нэр дэвшиж буй хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхийг хасчихаад ардчилал ярьж болохгүй шүү дээ. Ямар юмных нь ардчилал байх вэ” хэмээн бухимдаж байсан удаатай. Ингэж НАМЭХ урьдчилсан бичигдсэн сценарын дагуу гар өргөлтөөр чуулганаа хийж, намын жирийн гишүүдийн саналаар бус Удирдах зөвлөлийн тохиролцоогоор тэргүүнээ сонгож байв. Кнопоор шийдсэн дарга нараас манлайлал гардаггүй. Монголын эмэгтэйчүүдэд үйлчлэх НАМЭХ холбоо анхнаасаа намынхаа дарга нарынхаа гар, хөлийн дохио зангаагаар хөдөлдөг тул нийгэмд чиглэсэн дорвитой шийдэлтэй ажлуудыг явуулж чаддаггүй. Ямар сайндаа энэ УИХ парламентын түүхэндээ хамгийн олон эмэгтэй буюу 13 гишүүдтэй атал өмнөх парламенттай харьцуулахад л эмэгтэйчүүдийн дуу хоолой болж чадахгүй жулдсаар байна. УИХ дахь олонхийн бүлгийн эмэгтэй гишүүд бохь, боов, унтаагаараа дуудуулж, “өвөл болохоор хүйтэрдэг” хэмээх алдарт эшлэлээ хэлж яваа. Ингэж сонгуулийн тухай хуулиар тогтоосон эмэгтэйчүүдийн босго  МАН-ын эмэгтэй гишүүдийг олноор сонгогдоход хүрсэн ч “чанарт нь нөлөөлж” чадаагүй юм. Боловсрол, чадварын шалгуургүйгээр тэрний хүн, энэ даргын санал болгосон “бор халзан хонь” бүрийг оруулснаар одоогийн парламентад бид ийм л эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй болжээ. Саяхны түүх сөхөхөд л “2012-2016 онд сонгогдож байсан 11 эмэгтэй гишүүд нам гэж харгалзахгүйгээр гэр бүлийн хүчирхийлэл, тамхины эсрэг хууль зэрэг ач холбогдол бүхий анхаарал татсан асуудалд нэгдэж хэвлэлийн хурал хийж  тодорхой шийдэлд хүрч чаддаг байсан. Тухайлбал, хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцүүлсэнгүй гэж эмэгтэй гишүүд чуулганаа хаяж эсэргүүцлээ илэрхийлж байв.

Ийнхүү МАН-ын Удирдах зөвлөлийн хэдхэн хүний ханцуй доторх эрх ашиг нийгэмд эргээд ямар сөрөг хортойг намынх нь дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болоод УИХ дахь эмэгтэй гишүүдээс харж болох юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГА МАНЛАЙЛЛААР ХӨГЖИНӨ

АН өнөөдөр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. Ирэх сонгуулийн намын хөдөлгөх гол хүчний нэг болсон эмэгтэйчүүдийн байгууллагыг чадварлаг, шилдэг эмэгтэйчүүдээр удирдуулах нь хаа хаанаа хэрэгтэй гэдгийг сайтар ойлгож байгаа нь сайшаалтай. Тиймдээ ч АН-ын дэргэдэх АЭХ тэргүүнээ сонгохдоо наад зах нь 98 мянган намын гишүүнээсээ саналыг нь авч шударгаар асуудалд хандаж чадаж байна. Гэтэл МАН намынхаа дотоод соёлын дагуу НАМЭХ болон УИХ дахь эмэгтэй гишүүдийг “хүүхэлдэй” болгодог. Дарга тэгж байна гэсэн соёлд дарамтлагдсан бүсгүйчүүд маань УИХ-д кноп дарагч төдий хийгээд сууж байгаа нь эмгэнэлтэй. Ингэж суудлын бөглөө болсон эмэгтэйчүүдийн харгайгаар тэмцэн байж олсон эмэгтэйчүүдийн квот дараа дараагийн сонгуулиудаар буурах нь тодорхой. Яагаад вэ гэвэл эмэгтэйчүүдийг төлөөлж гарч ирээд тэднийхээ эрхийн төлөө дуугарч чадахгүй, кнопоо дарж чадахгүй, байр сууриа илэрхийлж чадахгүй байх юм бол эмэгтэйчүүдэд сонгогчид тэр болгон итгэхгүй болно. Энэ УИХ-д МАН-ын 12 эмэгтэй гишүүний дэргэд АН-аас сонгогдсон ганц эмэгтэй гишүүн З.Нарантуяа хамаагүй илүү хүчтэй харагддаг. Тэр үгээ хэлж, төрийн түшээгийн үүргээ биелүүлж чаддаг. 2020 оны УИХ-ын сонгууль айсуй үед АН лидер эмэгтэй улстөрчдөөрөө өнгө төрхөө хэдийн засч буй нь ч илхэн.

Угтаа төрийн ажил хийж байгаа эмэгтэй хүн шаардлагатай зүйл дээр нам гэж намчирхахгүй, ард түмний эрх ашгийг түрүүнд бодох ёстой. Тэгээд ч ард түмнээ эхлээд бодно гэж тангараг өргөдөг шүү дээ. Нам гэдэг ард түмэн юу хүсч байгааг бүтцээрээ, хамт олноороо ажил болгодог том институц. Энэ УИХ дахь эмэгтэй гишүүд саявтархан арайхийн эмэгтэй гишүүдийн бүлгээ байгуулсан. “Эмэгтэй гишүүд дангаараа бүлэг байгуулах талаарх зохицуулалт хуульдаа тодорхой байдлаар тусгагдаагүй” гэх тайлбараар хойш сууж ирсэн энэ парламентын эмэгтэй гишүүд нийгмийг цочроосон ноцтой хүчирхийллийн хэргүүд гарсны дараагаар сая сэхээ орж УИХ дахь эмэгтэй гишүүд тусдаа бүлэг байгуулах хэрэгтэй юм байна гэдгээ олж харсан юм. Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ажиллаж байгаа. Парламентын түүхэндээ хамгийн олуулаа сууж буй эмэгтэй гишүүд, тэдний бүлэг яг юу хийсэн бэ, хийж байна вэ гэдэг асуултыг уншигч танд үлдээе.

А.АМАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэнцэцэг 2018-10-15 66.181.169.114

Эмэгтэйчүүдийн байгууллагын даргын сонгуульд хэдэн төгрөг өгч өрсөлддөг юм бэ?

Avatar

Зочин 2018-10-15 66.181.187.51

Arai ilyy ajil xiij baigaa ni Odontuyaa yum baina

Avatar

зочин 2018-10-15 103.9.88.162

Одонтуяа одоо болноо юу ч хийсэнгүй,залуучуудад зайгаа тавьж өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж