"Хүн оюутан байх үедээ эрүүл мэндээ муутгадаг"

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

"Хүн оюутан байх үедээ эрүүл мэндээ муутгадаг"

 

“Хүнсний аюулгүй байдал, хүнсний экспорт-2018” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2018.10.15/ болж байна. Хурлын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны (ХХААХҮЯ) Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Т.Гантогтохоос хүнсний аюулгүй байдлын талаар тодрууллаа.


-Монгол Улсын хүнс аюулгүй байж чадаж байна уу. Үүнийг хэрхэн тодорхойлдог вэ?

-Хүнсний аюулгүй байдлыг хангамж, хүртээмж, шим тэжээлээр тодорхойлдог. Хангамжид Монголчуудын хүнсэндээ тогтмол хэрэглэдэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүн багтана. Эдгээр бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа эсэх нь чухал. Мөн үүнийг дотооддоо үйлдвэрлэх нь чухал. Монголд мах, сүү, гурилын хэрэглээг дотооддоо бүрэн хангаж байна. Харин загас, буурцагт ургамал зэргийн хангамж 60 гаруй хувийн дутагдалтай байгаа. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны зүгээс хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад байна. Шим тэжээллэг байдлыг хангахын тулд баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсан.  Хүнс үйлдвэрлэж байгаа бүх байгууллагаа Хүнсний тухай хуулиар аюулгүй байдлыг хангах ёстой байдаг.

-Энэ удаагийн хурлаар ямар үр дүнд хүрэх вэ?

-Засгийн газар хөгжлийн гурван тулгуурт бодлого гаргасан. Үүний тэргүүлэх бодлого нь эрүүл хүнсээр иргэдийг хангах, экспортыг нэмэгдүүлэх. Энэ хүрээнд хоёр дахь удаагаа хүнсний аюулгүй байдлын талаарх эрдэм шинжилгээний хурлыг эрдэмтэн судлаач, оюутнуудын дунд зохион байгуулж байна. Энэ жилийн хуралд 33 судлаач, эрдэмтэн, оюутан оролцож, өөрсдийн хийсэн судалгааг танилцуулж байна.

-Өнгөрсөн жил анх удаа ийм төрлийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Хурал хэр үр дүнтэй байсан бэ?

-НЭМҮТ- үүнд таван жилийн өмнө судалгаа хийгээд, Монголчууд шим тэжээлээр дутагдаж байгааг тодорхойлсон байсан. Тиймээс өнгөрсөн жил шим тэжээлийн сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Баяжуулсан хүнсний тухай хуулийг 2018 оны тавдугаар сард гаргасан. Тус хуулийн зорилго нь монгол хүний биед дутагдаж байгаа зүйлийг баяжуулж, шим тэжээл, эрдэс бодисоор хангах. Хурлын үеэр тавигдсан судалгаан дээр үндэслэн тус хуульд зарим зүйлийг оруулсан байдаг.

-Экспортыг нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авч байна вэ?

-Экспортыг нэмэгдүүлэхийн тулд бид нэр төрлийг олшруулах зорилттой байна. Манайх 20 бүлгийн 292 төрлийн бүтээгдэхүүн импортолж байгаа. Сүүлийн үед Монгол Улсын махны экспорт нэмэгдэх хандлагатай байна. Мөн чацаргана, зөгийн балыг экспортолж байгаа. Энэ нэр төрлийг нэмэгдүүлэх зорилт тавиад байна.

ЖИМСНИЙ ХАЛЬСАНД ӨВЧИН ҮҮСГЭГЧ ИХ ХЭМЖЭЭГЭЭР АГУУЛАГДАЖ БАЙНА

Үргэлжлүүлэн хуралд оролцогчдын судалгаанаас сонирхлоо. Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан Г.Даваасүрэн ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд судалгаа хийжээ. Түүнээс судалгааных нь талаар лавлахад “Судалгаагаа зөвхөн жимсэн дээр хийсэн. Энэ дундаа хальстай нь хэрэглэдэг алим, лийр зэрэг дээр шинжилгээ хийсэн. Шинжилгээний үр дүнд эдгээр жимсний гадна талд буюу хальсанд маш их хэмжээний өвчин үүсгэгч байсан. Тиймээс жимсийг зориулалтын жимс угаагчаар заавал угааж хэрэглэх нь чухал байна” гэсэн  юм.

СҮҮЛНИЙ ТОС НЬ АРЬСЫГ НӨХӨН ТӨЛЖҮҮЛЖ, ҮРЭВСЛИЙГ НАМДААНА

Хонины сүүлний тос, сарлагийн шар тос арьсанд хэрхэн нөлөөлдөгт АШУҮИС-ийн оюутан Ч.Алтаншагай судалгаа хийжээ. Түүнээс судалгааных нь талаар асуухад “Хонины сүүлний тос, сарлагийн шар тосыг уламжлалт анагаах ухаанд түлхүү ашигладаг. Дээрх бүтээгдэхүүн нь ханаагүй өөхний хүчил, Д витамин түлхүү агуулсан байдаг. Туршилт явуулахад хонины сүүлний тос нь арьсыг нөхөн төлжүүлж, арьсны үрэвсэлд сайнаар нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Сарлагийн шар тос нь үс, болон арьсанд мөн адил сайн үйлчилгээ үзүүлж байсан. Тиймээс эдгээр бүтээгдэхүүнийг тусгай технологиор боловсруулж, гоо сайхны бүтээгдэхүүн болгон ашигласнаар илүү сайн үр дүнд хүрэх боломжтой байна” гэж байлаа.

СҮҮЛНИЙ ТОС НЬ ХАЙРАХ ҮЙЛ ЯВЦЫГ ХАМГИЙН САЙН ДААЖ БАЙСАН

ХААИС-ийн багш С.Отгонпүрэв хүнс шарахад хамгийн тохиромжтой  тосонд судалгаа хийжээ. Судалгааны талаар тодруулахад “Бидний судалгаа 2010 оноос эхэлсэн. Нийгмийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар хүн оюутан байх үедээ эрүүл мэндээ муутгадаг гэсэн байсан. Ингээд судлаад үзтэл оюутан залуус пирошки, хуушуур зэрэг хайрсан зүйл их хэрэглэж байсан. Тиймээс эдгээр зүйлийг хийхдээ ямар тос ашиглаж байгаад судалгаа хийсэн юм. Судалгаанаас харахад нийтийн хоолны газар нь наран цэцэг, шар буурцагны тос түлхүү ашиглаж байна. Эдгээр тос нь ханаагүй тос. Ханаагүй тосыг 170-аас дээш хэмд халаахад маш хурдан хувиралд орж, мууддаг. Үүнээс болж хүний биед маш их сөрөг өөрчлөлт бий болно. Олон улсад хүнсийг хайрч, хуурахдаа дал модны тосыг хүнсэнд ашигладаг. Энэ тос нь ханасан тосыг түлхүү агуулдаг тул тэсвэр сайтай, хайрч, хуурч болдог. Дал модны тос манайд байдаггүй, түүнийг импортлох шаардлага тулгарах тул бид үндэсний онцлогт тохирох тосыг судалсан. Ингээд сүүлний тосыг судлахад хайрах үйл явцыг хамгийн сайн дааж байсан. Мөн судалгаа хийхэд чипс идэх нь тос уухтай адил болох нь тогтоогдсон” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж