Америкийн топ модель Синди Кроуфордыг айлган сүрдүүлж байсан хүнд Германы шүүх хоёр жилийн ял өглөө. 26 настай Эдис К-гийн ялыг Кирхайм унтер Тек хотхоны шүүхээс гаргасан байна. Эдис К гэгч нь өнгөрсөн оны 11-р сард Германы цагдаагийн ажилтнуудад баригдсан бөгөөд тэр Синди Кроуфорд болон түүний нөхөр Ранди Герберээс гэр бүлийг нь эвгүй байдалд оруулж болзошгүй охиных нь зургаар дарамтлан, тэднээс 100 мянган доллар нэхсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хэргийн гол эд мөрийн баримт болох зураг дээр алдарт загвар өмсөгчийн охин сандал дээр хүлээтэй аманд нь даавуу чихсэн дүрс байжээ. Гэр бүлийн гишүүд энэхүү зургийг "цагдаа ба дээрэмчин" тоглоомын үед хуучин хүүхэд асрагч нь авсан байж магадгүй гэж үзэж байсан юм. Тэр үед охин долоон настай байжээ. Гэмт хэрэгтэн утас болон цахим шуудангаар Кроуфорд руу холбогдон тус зургийг шар хэвлэлүүдэд зарна гэж айлган сүрдүүлж мөнгө нэхдэг байсан гэнэ. Америкт хийсэн мөрдөлтийн явцад Эдис К өөрийн найз хүүхэд асрагчаас дээрх зургийг авсан нь тодорхой болсон байна. Тэр өмнө нь хулгай, хүнд гар хүрсэн, наркотик хадгалсан хэргүүдээр баривчлагдаж байсан нэгэн юм байна.
Л.Золбаяр