ХБНГУ-ын нийслэл Берлин хотод аравдугаар сарын 14-ны ням гарагт буюу өчигдөр арьс өнгөний үзэл, гадаад хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн 200 мянга гаруй хүн “чөлөөт, нээлттэй нийгэм” уриа дор жагсаал хийлээ.
Жагсагчид “Unteilbar” буюу “хуваагдашгүй/салшгүй” хэмээсэн бичгийг барин Берлин хотын “Александрплатц” талбайгаас “Тийргартен” цэцэрлэгт хүрээлэн хүртэл таван км газар алхсан байна.
Тэд улс төрийн барууны үзэл баримтлалыг баримтлагчдын эсэргүүцсэн зурагт хуудас, агаарын бөмбөлгийг барьж, тэдэнд болон цагаачдыг ялгаварлан гадуурхагчдад дургүйцсэнээ илэрхийлж байсан юм.
Германы “Ногоон нам” болон зүүний баримжаатай “die Linke” намын идэвхтнүүд нэгдэж уг жагсаалыг зохион байгуулсан бөгөөд жагсаалд зарим улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, худалдааны холбоод, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд болон сургууль гэх мэт байгууллагууд оролцсон аж.
Зохион байгуулагчдын мэдээлснээр жагсаалд 40 мянган хүн оролцоно хэмээн албан ёсоор бүртгүүлснээс нийт 240 мянга орчим хүн буюу таамаглаж байснаас хавьгүй олон хүн оролцсон байна.
Германы Гадаад хэргийн сайд Хайко Мааз уг жагсаалыг нийгэмд асар том дохио өгч байна хэмээн хэлсэн юм.
“Биднийг хэн ч, тэр дундаа барууны популистууд хагалан бутаргаж чадахгүй” хэмээн Германы Социал Демократ намын гишүүн, Гадаад хэргийн сайд Хайко Мааз хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Мөн тэрбээр “Германы ард иргэд уг жагсаалаараа нийгэмд асар том дохио өгөхийн сацуу, олон улсад бид ил тод, тэвчээртэй байх хэрэгтэйг сануулж байна. Шинэ үндэсний үзэл ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Өв уламжлал, арьсны өнгө, шашны олон талт байдал, амьдралын олон янзын хэв маяг бидэнд заналхийлэх бус эсрэгээрээ биднийг улам хөгжүүлэх учиртай юм” гэдгийг тэмдэглэсэн байна.
Германы улс төрд өдгөө хэт барууны үзэл баримтлалтай намууд хүчирхэгжиж байна. Статистикийн зарим мэдээнээс үзвэл “Alternative fuer Deutschland” хэмээх цагаачдыг эсэргүүцсэн байр суурийг баримталдаг нам Германы канцлер Ангела Мерклийн тэргүүлдэг “Христийн демократ” намын араас жагсаж байгаа юм.
Ө.ПҮРЭВХҮҮ
ЭХ СУРВАЛЖ:XINHUANET
Холбоотой мэдээ