Авлигатай тэмцэх газраас "Шинэ эхлэл" лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг авлигын хэргээр баривчилсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус сургуулийн захирлыг Эрүүгийн хуулийн 22.4-т заасан бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж эхэлсэн юм. Түүнийг аравдугаар сарын 10-ны өдөр цагдан хорьсон бөгөөд 48 цаг саатуулах хугацаа нь өнгөрсөн баасан гарагт дууссан байна.
Улмаар үргэлжлүүлэн хорьж, шалгах шаардлагатай хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн прокурорын газарт хүсэлтээ уламжилсны дагуу хяналтын прокурорууд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорих санал хүргүүлжээ. Харин шүүхээс Л.Эрдэнийг цагдан хорих шаардлагагүй хэмээн захирамж гаргасан байна.
Э.АРИУН