Гацууртын ордын лицензийг эзэмшдэг “Сентерра гоулд” компани Монгол дахь бизнесээ худалдаж байгаа тухай мэдээ өнгөрсөн амралтын өдрүүдийн гол бүүм байлаа.
УИХ-аас 2015 онд баталсан тогтоолын дагуу Монголын төр 34 хувийг нь эзэмшдэг, стратегийн гэх тодотголтой уг ордын наймаа хэрхэн явагдсан, үүнийг Монголын төр мэдэж байсан эсэх мөн газрын доороо 70 гаруй тонн алттай, 320 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдсан Гацууртыг хэний хэн авсан бэ гэдэг улс төр, эдийн засгийн хүрээнийхний сонирхлыг багагүй татаж буй.
Гацууртын ордод Монголын төр хувь эзэмших асуудал УИХ дээр удаа дараа унасны эцэст, З.Энхболдын парламентын үед 34 хувийг нь монголчууд эзэмших шийдвэр гарсан юм. Харамсалтай нь, уг ордыг хууль ёсны компани биш хууль бус нинжа нар ухсаар ирсэн бөгөөд Монголын босоо хөхчүүд шүүхэд Ноён уулыг уухлахгүй гэж тэмцэл, зарга болоод гурван жил болсон.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгэнтээ “Ноён уулын алтыг ухуулахгүй гэж ярьж байгаа хүмүүс үнэн хэрэгтээ хууль ёсны лицензтэй компанийг хөөж явуулах хүсэлтэй. Явмагц нь алт, булшийг нь ухаж, гадаад руу хууль бусаар зарах зорилготой. Тэр 70 тонн алтанд төр манаач тавьж чадахгүй. Мөн нэг зүйлийг тодотгож хэлэхэд Гацууртын ордыг ашиглах компани олборлосон алтаа 100 хувь Монголбанкинд тушааж мөнгө авах юм. Ер нь бол төр лиценз өгсөн л бол хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай компаниудын эрхийг хамгаалах ёстой” хэмээн 2015 онд ярилцлага өгч байсан удаатай.
Монголд дуулиан тариад байгаа “Сентарра гоулд” компанийн зүгээс Гацууртын ордыг худалдсан гэх мэдээгээ аравдугаар сарын 12-нд цацаж, төслөө нийтэд нь 35 сая ам.доллараар үнэлэн зарсан тухай ч дурджээ. Уг ордыг Сингапурт бүртгэлтэй "Ozd Asia Pte" компанид худалдсанаа "Сентерра гоулд" онцлоод, гүйцэтгэх захирлаар нь Э.Дөлгөөн гэж залуу ажилладаг тухай мэдээ ч хэвлэлээр цацагдаж байна. Э.Дөлгөөн өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед Гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан билээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Гацууртын алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 432 сая ам.доллар улсын төсөвт орж ирнэ гэсэн тооцоог Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан байдаг. Энэ нь одоогийн ханшаар тооцвол бараг нэг их наяд гаруй төгрөг гэсэн үг. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн экс сайд Р.Жигжид “Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрт гурван хувийн татвар авна. Үүнээс гадна суурь роялти, өсөн нэмэгдэх роялти татвар авна” гэж тухай үед хэвлэлийнхэнд ярилцлага өгч байсан юм.
Гацууртын ордын ТЭЗҮ-г 2014 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан байдаг. Уг ТЭЗҮ-д ордын нөөц нь 17 сая 138 мянга гаруй хүдэрт 50 тонн алт агуулагдаж байгааг дурдаад нэмээд 26 тонн алтны нөөц байгаа гэсэн тооцоолол хийжээ. Тус ордод есөн жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар. Мөн 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөхөөс гадна 1000 орчим ажлын байр бий болно гэж Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан тооцоолол бий.
Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Харин Монголын босоо хөхчүүдийн яриад байгаа Хүннүгийн эртний булш, олдворууд нь Төв аймгийн Борнуур сумын нутагт оршдог. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Ноён уулын эртний булш, олдворуудад төдийлөн нөлөөлөхгүй гэж зарим эрдэмтэд ярьдаг. Ийнхүү төр 34 хувийг нь эзэмшдэг, шүүх дээрх маргаан нь эцэслэгдээгүй байгаа Гацууртын ордын наймаа гадаадад хэрхэн явагдсаныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь сонсоогүй, мэдээгүй байсан гэвэл тэнэг хүн ч итгэхгүй биз. Нөгөөтэйгүүр, Ноён уулыг ухуулахгүй хэмээн гурван жил эсэргүүцэл болж яваа манай "эх орончид" энэ мэдээнд реакц үзүүлэхгүй байгаа нь эртнээс ийм төлөвлөгөөтэй байсныг хэн мэдэх билээ.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ