Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилчид дарга Д.Нямхүүгийн үйлдэлтэй холбоотой нэгэн захидлыг илгээсэн байна. Тэрхүү захидлаас зарим хэсгийг түүвэрлэвэл, … Сүүлийн жишээ гэвэл, Шинэ жилийн баярыг уг нь засгийн газрын түвшинд хориглосоор байтал 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тэмдэглэсэн. Яаж тэмдэглэсэн бэ? Гэхээр манай байгууллага 700-гаад ажилтантай, нэг хүнийг 95000 /ерэн таван мянган/ төгрөгөөр тооцож цалин дээр бидэнд 95000 төгрөгийг нэмж шилжүүлчихээд буцаан хураан авч шинэ жилийн арга хэмжээндээ зориулсан. Гэтэл цаад байгууллагатайгаа нэг хүнийг 60000 /жаран мянган/ төгрөгөөр тохирч нэг хүнээс 35000 мянган төгрөгийн ашиг олсон нь дунджаар 24.500.000 /хорин дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг болж байна. Саяхан “ЭБОЛА” вирус ид дэгдэж байх үед эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургахаар явуулахад ажлаа мэдэхгүй байж тэдэн дунд ороод л засгийн мөнгийг үрээд л явж явж ирсэн. Юу ч мэдэхгүй байж тийшээ зорих ямар ч хэрэг Д.Нямхүүд байгаагүй зөвхөн мөнгө илүүчилж завших л гэж явсан. Ирээд явсан мэдсэнээ тайлагнаагүй, эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулахад оролцоогүй нь үнэн. Энэ өвчин манай улсад гарсан тохиолдолд Д.Нямхүү захирал голомтод орж ажиллахгүй гагцхүү тангараг өргөсөн эмч, сувилагч бид л орж ажиллана шүү дээ. Уг нь энэ сургалтанд Д.Нямхүүгийн оронд өөр нэг эмч, юмуу өөр нэг мэргэжилтэн явсан бол улс эх оронд минь маш чухал байлаа” гэж бичжээ. Өөр бусад “но”-той асуудлыг энэхүү захидалдаа дурдаж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд анхаарахыг хүссэн байна.
Захидлыг энэ сарын 6-нд бичиж илгээсэн юм байна.
Г.НАРАН