Монгол Улсад хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа гэх мэдээллийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав анх олон нийтэд мэдээлсэн. Үнэтэй дээр нь чанаргүй шатахуун хэрэглэж байгаа хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, буруутай этгээдэд хариуцлага тооцох нэг ч алхам хийгдээгүй байгаа нь харамсалтай юм. Ямар учраас хуурамч шатахуун үйлдвэрлэгчдэд хариуцлага тооцож чадахгүй байгаа талаар холбогдох хүмүүсээс тодруулан суурийг хүргэж байна.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав:
-Евро стандартын шатахуун хилээр орж ирдэг ч хэрэглэгчид хүрч чадаж байна уу гэдэг эргэлзээтэй байна. Яагаад гэвэл авто бензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эд ямар ч татваргүй их хэмжээгээр орж ирдэг болсон. Тэр тоон үзүүлэлт хэрэглэгч надад таатай санагдахгүй байгаа юм. Ийм их түүхий эд хаашаа шингээд байна вэ? гэдэг их сонирхолтой. Шатахуун импортлогчид шударга бизнес хийх хэрэгтэй. Яагаад гэвэл шатах тос тосолгооны материал татваргүй орж ирдэг. 2016 оны статистик дүнг харахад керосин 74800 тонн, хийн конденсатын нэрмэл 9003 тонн, дистиллят 11048 тонн оруулж ирсэн байна. Гэтэл нефть боловсруулах үйлдвэр ганцхан “Эрдэнэт” хотод “Петролеум продакшн” гэж байгаа. Тэр үйлдвэрийн хэрэгцээт түүхий эдийг манайд орж ирж байгаа түүхий эдийн хэмжээтэй харьцуулбал маш бага тоо гарна. Ийм нөхцөлд хуурамч шатахуун дотоодод үйлдвэрлэж байна гэж таамаглаж байна. Үүнийг мэргэжлийн хяналт, Стандарт хэмжил зүйн газар тогтоох хэрэгтэй.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр
-Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо хуурамч шатахууны асуудлыг энэ оны дөрөвдүгээр сараас ярьж эхэлсэн. Нефтийн туслах бүтээгдэхүүн буюу 22 нэр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн байдаг. Эдгээр бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр нэг ч төгрөгийн татваргүй орж ирдэг. Тодруулбал, хуурамч шатахууныг Багахангай дүүрэгт найруулаад, уул уурхайн бүх салбарт шахааны аргаар нийлүүлдэг. Энийг манай холбоо баримтжуулж, зураг, видео бичлэг хийсэн байдаг. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй ШТС-аас дээж авч, шинжлүүлсэн. Ингэхэд чанар стандартад нийцэхгүй бензин гэдгийг тогтоож өгсөн. Монгол Улсын стандартын 216, 217 дугаарт авто бензин дизель түлшинд нэмэлтээр ямар нэг чанар сайжруулагч хольж болохгүй гэдгийг заагаад өгчихсөн. Тэгвэл Монгол Улсын стандарт өнөөдөр мөрдөгдөхгүй байна. Хоёрдугаарт, төрийн байгууллагын албан тушаалтнууд энэ асуудлаар хариу өгдөггүй. Бид олон удаа уулзах хүсэлт тавьж, албан бичиг өгсөн боловч хариу өгдөггүй юм. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар авто бензинд чанар сайжруулагч нэмсэн эсэх, хуурамч шатахуун найруулсан эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Гэтэл одоо болтол шалгалтын тайлангаа олон нийтэд мэдээлэгдээгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бидэнд хэдэн хуудас материал өгсөн. Энэ материалд лац хөндөөгүй гэж бичсэн байсан. Чанар стандартаа шалгахгүй байж лац, ломбо ямар хамаа байна аа. Өнөөдөр бид автомашиндаа цэвэр шатахуун хэрэглэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Нийслэлийн хэмжээнд 280 гаруй авто завсар байдгаас 20 засварыг сонгож судалгаа хийсэн. Ингэхэд өдөрт 64 суудлын автомашины борсунк 25-80 мянган төгрөгийн үнэтэй цэвэрлэж байна. Энэ тоог бүтэн жилээр тооцвол 580 гаруй сая төгрөгийг борсунк цэвэрлэхэд зарцуулж байна. Үүн дээр том оврын автомашинуудыг нэмэх юм бол тэрбум төгрөгт хүрнэ. Өнөөдөр чанарын асуудлыг ярихгүй бол үнэхээр болохоо байлаа.
Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2017 онд тушаал гаргаж, хуурамч шатахууныг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлт 2018 оны зургадугаар сард гарсан. Одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Удирдлагын зөвлөлийн хуралд оруулах бэлтгэл хангадаад байгаа.
Шалгалтын хүрээнд таван аж ахуй нэгжийг хамруулсан. “Эрдэнэт” хотод үйл ажиллагаа явуулдаг “Петролеум продакшн”, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ай Си Ай Си”, “Транс”, “Алтан оршихуй” компаниуд хамрагдсан. Ингээд зургаан чиглэлээр дүгнэлт гарч байгаа. Лабораторийн шинжилгээгээр хоёр, гурван төрлийн стандартын шаардлагад хүрэхгүй байна гэж дүгнэсэн. Цаашид хилээр орж ирж байгаа нэмэлт бүтээгдэхүүнээс татвар авдаг байх хуулийн зохицуулалт хийх шаардлагатай байна.
Холбоотой мэдээ