Мун Жэ Ин: Хойд Солонгос хэцүүхэн байдалд ороод байна | News.MN

Мун Жэ Ин: Хойд Солонгос хэцүүхэн байдалд ороод байна

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Мун Жэ Ин: Хойд Солонгос хэцүүхэн байдалд ороод байна

Мун Жэ Ин: Хойд Солонгос хэцүүхэн байдалд ороод байна

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, гэргий Ким Жон Сукын хамтаар Европын орнуудад айлчилж байна. Тэрбээр Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох асуудлыг хэлэлцэхээр өнгөрсөн бямба гариг/2018.10.13/-т европын орнуудыг зорьсон бөгөөд өчигдөр /2018.10.14/ Франц Улсад айлчилжээ.

Мун Жэ Ин Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой  уулзах үеэрээ “Олон улсын хоригоос үүдэлтэйгээр Хойд Солонгос эдийн засаг маш хүнд нөхцөлд байна" хэмээн мэдэгдснийг Францын Ле Фигаро сонинд тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн зургадугаар сард болсон Хойд Солонгос, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Ким Чен Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ ажлыг хийхэд хэдэн тэрбумаар яригдах хэмжээний их хөрөнгө хэрэгтэй аж. Гэтэл Хойд Солонгос эдийн засгийн хямралд орсон нь уг амлалтаа хэрэгжүүлэхэд нь саад учруулж байна хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч санаа зовниж байгаа юм байна.

Харин олон улсын хамтын нийгэмлэг Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын тавьсан хориг арга хэмжээ хэрхэн үр дүнгээ өгч буйг сонирхож байгаа ажээ. Түүнчлэн өнгөрсөн жил Хойд Солонгос 1997 оноос хойш байгаагүй эдийн засгийн томоохон хямралд өртсөн аж.

АНУ-ын зүгээс Хойд Солонгосыг амлалтаа биелүүлэх хүртэл нь хориг арга хэмжээг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байгаа боловч ОХУ, Хятад эсрэг байр суурьтай байгаа юм. Түүнчлэн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр Өмнөд Солонгос ч бас хөршийнхөө эсрэг зам, дэд бүтцийн салбарт тавьсан хоригоо багасгах, ингэхдээ олон улсын зүгээс Хойд Солонгосын цөмийн зэвсэгтэй холбоотойгоор тэдэнд хариуцлага тооцох гэсэн оролдлогод нь саад учруулахгүй байхыг хичээх болно гэжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсоох, тэр дундаа одоо байгаа зэвсгээсээ ч татгалзах тухай гаргасан санааг нь талархан дэмжиж байгаагаа “BBC”-д өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байна.  Мөн Хойд Солонгосын гаргаж буй эдгээр шийдвэртэй алхмуудыг олон улсын зүгээс дэмжин урамшуулах нь зүйтэй гэдгийг ч хэллээ.

АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нар өнгөрсөн зургадугаар сард уулзсан уулзалтынхаа үр дүнд байгуулсан гэрээнд нь “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоно” хэмээн бүдэг бадаг дурдсанаас бус үүнийг яг хэрхэн хэрэгжүүлэх тухай нарийн тусгаагүй байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ирэх пүрэв гаригт Ромын паптай уулзан, түүнийг Хойд Солонгост урьсан урилгыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: BLOOMBERG

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж