Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг баталжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.18-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг баталжээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг өнгөрсөн баасан гаригт буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр баталсан байна.

Нийт 114 хүн нэрээ бүртгүүлсэнээс 47 нь Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болж нөхөн сонгогдох ёстой аж. Өнгөрсөн хугацаанд нийслэл, аймаг, дүүргийн хороодын зарим гишүүд төрийн албан хаагч болсон, гадаад оронд сурч ажиллах зэрэг олон шалтгаануудаас тодорхой хэмжээний суудал гарсан тул орыг нь нөхөх шаардлагатай болж дээрх нөхөн сонгууль зарлагдсан юм байна.

Нөхөн сонгуулийг зохион байгуулахдаа дараах байдлаар хийх аж. Энэ тухай Ардчилсан намын Улстөрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр “Төв нам дээр Дотоод сонгуулийн хороо, харин нийслэл, аймагт бол Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо, сум болон дүүрэгт Сонгуулийн хэсгийн хороо гэж байгууллага ажилладаг. Эдгээр байгууллагууд нь өөр өөрийн нам дээр ямар орон тоо гарсныг нэгтгэж, дор бүрнээ сонгууль явуулна. Тухайлбал, Архангай аймгийн намын хороонд 15 гишүүнийг нөхөн сонгох шаардлагатай болсон бол намын гишүүдээс аймгийн намын хорооны гишүүнээр сонгогдон ажиллах хүсэлтээ илэрхийлж бүртгүүлсэн хүмүүс нь тухайн намын гишүүдээс нууц санал хураалтаар сонгогддог. Ийм байдлаар бүх шатанд нөхөн сонгууль болж, эцсийн байдлаар төв нам дээр Дотоод сонгуулийн хороонд нэгдүгээр сарын 26-ны дотор мэдээгээ өгсөн байх үүрэг хүлээж байгаа” гэсэн хариулт өгч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, дээрх сонгуульд хамгийн өндөр санал авсан нь Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болох болзол хангаж, улмаар Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар тэднийг батламжлах ёстой аж.

Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан сар шинийн дараа зарлагдах чигтэй байгаа юм.

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулан харна уу.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж