Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

“Согтуу” шөнө

Баасан гаригийн /2018.10.12/ шөнийн 22.00 цаг болж байхад Улаанбаатар хотод автомашины хөдөлгөөн татраагүй, зарим нь хурд хэтрүүлэн улаан гэрлээр шунгинана. Зам дагуу согтуу хөлчүү хүмүүс хашхиралдаж, зай завсаргүй эгнэсэн таксиныхан үйлчлүүлэгч ирэхийг хүлээж зогсоно.

Бид энэ удаа цагдаагийн алба хаагчид иргэдийн амар тайван байдлыг хэрхэн хангаж ажилладгыг сурвалжиллаа.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 11 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

Сурвалжлах багийнхны очсон эхний газар нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс. Шөнийн 22.30 цагийн үед тус хэлтсийн эргүүлийн алба хаагчид хэв журмын тасгийн даргаасаа үүрэг авч талбайд жагсаж байсан үе таарлаа. Энэ үеэр цагдаагийн ахмад Б.Дулмаадорж “Манай хэлтэс дүүргийнхээ 13 хороог хариуцдаг учир ачаалал ихтэй ажилладаг” гэсэн юм.

Тус хэлтэст 2018 оны аравдугаар сарын 12-ны өглөөнөөс шөнийн 22.30 цаг хүртэл 104 дуудлага ирснээс гэмт хэргийн 14, гэр бүлийн хүчирхийллийн 11, зөрчлийн 77 дуудлага байлаа. Өдөрт дунджаар 120-170 дуудлага мэдээлэл бүртгэгдэг бөгөөд тухайн өдөр хүн амины онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй байв.

Гэмт хэрэг зөрчлийн 70-80 хувь нь согтуугаар үйлдэгддэг аж. Харин энэ өдөр тус хэлтсийн эрүүлжүүлэхэд есөн иргэн саатуулагджээ. Тэднийг маргааш өдөр нь хэсгийн цагдаад нь хүлээлгэн өгч хуулийн хүрээнд арга хэмжээ авах аж. Эргүүлийн машин хүрэлцдэггүй тул цагдаа нар нэгэндээ дайгдаж, дуудлага өгсөн газар луу явганаар очиж, ажил үүргээ гүйцэтгэдэг байна.

ТӨРСӨН ОХИН НЬ ЭЦГИЙГЭЭ ЦАГДААД ӨГЧЭЭ

Удалгүй тус хэлтэст архидан согтуурч бусдын тайван байдлыг алдагдуулсан тухай дуудлага ирлээ. Цагдаа нар дуудлага өгсөн байршил болох тус дүүргийн арваннэгдүгээр хороо гэр хорооллын гудманд 23.00 цагийн үед очив. Амгалан тайван байдал алдагдуулсан иргэн нь 53 настай, Б гэгч бөгөөд эхнэр, хоёр охины хамтаар амьдардаг, архины хамааралтай нэгэн аж. Архи хэтрүүлэн хэрэглэж, ар гэрийнхэндээ агсам тавьсан учраас төрсөн охин нь дуудлага өгчээ. Түүнийг цагдаагийнхан эрүүлжүүлэх байр руу авч явахаар машиндаа суулгахад “Намайг гаргаач” хэмээн хашхирч байлаа.

ХУУРАМЧ ДУУДЛАГА ӨГӨӨД ӨӨРӨӨ ЗУГТААВ

Гадаа хүйтэн, сааралтсан утаа хоолой аргуулж, цээж хорсгох ч цагдаа нар гадаа ажилласаар л байлаа. Мөн зарим нь хэлтэс дээрээ дуудлага хүлээн авч, шөнийн эргүүлд ажиллаж байгаа албан хаагчдыг дуудлагын дагуу явуулж, зохицуулалт хийх аж.  Энэ шөнө тус хэлтэст цагдаагийн ахлагч П.Баянмөнх үүрэг гүйцэтгэж байв.

Түүний хэлснээр Баянгол дүүргийн 11, 22, 23 дугаар хороонд 5000 өрхийн 22 мянган хүн амьдардаг. Зөрчлийн зургаа, гэр бүлийн хүчирхийллийн дөрвөн дуудлага ирснээс гурван хүнийг эрүүлжүүлэхэд хүргүүлжээ. Харин нэг дуудлага нь хуурамч дуудлага байж таарчээ. Хуурамч дуудлага өгсөн иргэн М гэх эмэгтэй байнга архи уудаг. Тус дүүрэгт бүртгэлтэй ч хаяг дээрээ оршин суудаггүй тэнэмэл амьдралтай нэгэн юм байна. Энэ удаад эмэгтэй хуурамч дуудлага өгөөд өөрөө зугтаажээ. Түүгээр зогсохгүй жижүүр, эргүүлээс буугаад ажилдаа ирэхэд дахин эрүүлжүүлэгдээд ирчихсэн байдаг гэнэ.

Цагдаагийн ерөнхий газраас тэдний цаг, ажлыг хөнгөвчлөх зорилгоор эхний ээлжинд эргүүлийн машинтай ажилтнуудад таблет өгчээ. Тус таблетаар гэмт хэргийн шинжтэй дуудлагаар очсон газартаа тухай этгээд өмнө нь ял шийтгэл эдэлсэн эсэх, хэрэгт холбогдож байсан уу гэдгийг шуурхай шалгадаг болжээ. Мөн цагдаа бүр энгэрийн камертай болж хэргийн газарт дуудлагаар очихдоо үйл явдлыг бодитоор баримтжуулдаг болсон аж. Мөн сум нэвтрэхгүй хантааз, бээлийнээс эхлээд аюулгүй байдлыг нь хамгаалахад анхаарч, хувцас хэрэглэлээр хангаж эхэлжээ. Харин эргүүлийн машинуудын дийлэнх нь таваас илүү жил явсан, шатахууны зарцуулалт их байхаас эхлээд уул, хадтай газарт дуудлагаар явдаг тул зарим үед эвдрэх, ачаалал ихтэй үед 3-4 хүн авч явахад бэрхшээлтэй тулдаг байна.

“НАМАЙГ МАНАЙ НАЙЗ ИРЖ АВНА. ТА НАР ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ”

Манай сурвалжлах багийнхан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрыг зорилоо. Үүдээр ороход төмөр сараалжин хаалга, жижүүрийн цагдаа, эмчийн өрөө харагдаж байв. Цаашаа хэдхэн алхмын зайд сөөнгөтсөн хоолойгоор “Намайг манай найз ирж авна. Та нар яах гээд байгаа юм. Намайг тайван байлга" гэх зэргээр хашгиран, цагдаа нарыг доромжлон хөл, гараа үсчүүлэн агсамнах 45 орчим насны согтуу иргэн харагдав. Бие биеэсээ давж хашхирах согтуу хүмүүсийн чимээ биднийг орж ирэхэд арайхийн намдлаа. Тус эрүүлжүүлэхэд 26 хүн ирсэн байв. Тэд төмөр торны цаана нимгэн бүтээлэг нөмөрч, шалан дээр хэвтжээ.

ХОНОГТ ДУНДЖААР 250 ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ӨНЖДӨГ

Нийслэлийн цагдаагийн газрын НХЖХХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Адьяахүү эрүүлжүүлэх байрны нөхцөл, эм тарианы асуудлаар дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Улсын хэмжээнд 38 эрүүлжүүлэх, нийслэлийн хэмжээнд 10 эрүүлжүүлэх байр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар тус хэлтэст нийт 26 хүнтэй байна. Нийслэлийн хэмжээнд хоногт дунджаар 250 иргэн эрүүлжүүлэгддэг.

Харин Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэхэд ачаалал ихтэй үед 250-300 хүртэлх хүмүүс ирдэг бол жирийн өдрүүдэд 150-160 хүн ирдэг. Хуулийнхаа дагуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан хүмүүсийг цагдаагийн байгууллага эрүүлжүүлдэг. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт эрүүлжүүлэх байрууд шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан” гэлээ.

ӨСВӨР НАСНЫ НАЙМАН ХҮҮХЭД СААТУУЛАГДСАН

Мөн энэ үеэр НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнөөс дараах тодруулгыг хийлээ.

-Улаанбаатар хотын хэмжээнд нөхцөл байдал ямар байна вэ. Мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлд хоногт дунджаар 1300-1400 орчим дуудлага мэдээлэл ирдэг. Нийт дуудлага мэдээллийн 55-60 орчим нь гэмт хэргийн шинжтэй дуудлага эзэлдэг. Бүртгэгдсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь архидан согтуурсан, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага байдаг. Баянгол дүүрэгт 21.00 цагийн байдлаар 103 дуудлагатай байсан. Сонгинохайрхан дүүрэгт 23.00 цагийн байдлаар 69 дуудлага ирсэн байна.

Эрүүлжүүлэх байр хэчнээн ажилтантай вэ?

-Эрүүлжүүлэх байранд нэг эмч, камерын хяналтын хоёр цагдаа байгаа. Холбоочин, дуудлагын алба хаагч бас  ажилладаг.

-Өсвөр насны хүүхэд эрүүлжүүлэгдсэн тохиолдол бий юу?

-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш найман хүүхэд эрүүлжүүлэгдсэн. Бид тухайн хүүхдүүдийн суралцдаг сургуульд нь албан шаардлага тавьсан.

-Он гарсаар цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон ажил хийсэн. Үр дүн ямар байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд 2018 оны эхний есөн сарын байдлаар 145 мянга гаруй гомдол мэдээлэл бүртгэгдсэний 79 мянга буюу 54.9 хувь нь нийслэлд бүртгэгдсэн. Нийслэлийн цагдаагийн газраас Улаанбаатар хотын гудамж, талбай, олон нийтийн газар согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Эмзэг цэг” эрүүл хяналтын шалгалтын арга хэмжээг нэг жилийн хугацаатай зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 3144 зөрчил илрүүлэн, 249 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байдаг.

2018 оны эхний есөн сарын байдлаар нийт 28 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, шийдвэрлүүлэн ажиллаад байна.

Шөнийн 01.00 цаг болохын өмнө бидний сурвалжлага өндөрлөж харин цагдаа нар ажлаа үргэлжлүүлэн үлдсэн юм. Биднийг буух үед ч гэсэн согтуу хүн агсан тавиад байна гэх дуудлага тасарсангүй. Баярлаж цэнгэж болох ч согтууруулах ундааг зөв боловсон хэрэглэж, шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байхыг эргүүлийн цагдаа нар дахин, дахин сануулж байлаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж