Буриадын  “Байгал” театр Монголд айлчлан тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Буриадын  “Байгал” театр Монголд айлчлан тоглоно

Буриадын  “Байгал” театр Монголд айлчлан тоглоно

Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ.  Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг Оросын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулж буй юм.

Аравдугаар сарын 22-ны 19.00 цагт Соёлын төв өргөөнөө “Гала-концерт”-оор айлчлан тоглолтын салхийг хагалах юм. Үндэсний болоод тод хурц шийдэлтэй бүжгийн үзүүлбэрээр театрын бүжигчид нүд баясгаж, анчдын цоглог бадрангуй хөдөлгөөн, уран налархай өвөрмөц бүжгүүд, мөн хэн бүхний танил болсон ёохорын хэмнэл ч энд багтжээ. Буриад улсын Үндэсний найрал хөгжим морин хуур, хуур, сууха-хуур, шанз, лимбэ, ятга, ёочин, товшуур, аман хуур зэрэг зэмсгүүдээр сонор мялааж, монголчуудад хэдийнээ танил болсон ардын дуу, уртын сайхан дуунуудаар театрын гоцлол дуучид ая өргөнө. Буриад, монголчуудын урлаг соёлын баялаг их өвөөс үзэгч олондоо дээжлэн барьж, сэтгэлд хоногшсон сайхан тоглолтоор бэлэг барина хэмээн тус театрын жүжигчид мэдээлжээ. Удаах өдөр нь буюу аравдугаар сарын 23-ны 19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг тавигдана. Жүжгийн зохиолч нь  Буриад улсын Ардын жүжигчин, Буриад улсын Төрийн шагналт, “Байгал” театрын уран сайхны удирдаач Жаргал Жалсанов юм байна.  Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу их хайр сэтгэлийн хүч түүхийн цаашдын өрнөлд хэрхэн нөлөөлж чадсан хийгээд энэхүү хайрын үрээр монгол угсаатны эх, домогт Алангуа хатан хорвоод мэндэлсэн тухай жүжигт өгүүлнэ. “Баргужин төхөм. Эртний цуурай” – энэ бол сэтгэл догдлуулсан бүжиг, хөгжмийн хэлээр чинад эртнээс энэ цагийн бидэнд дамжин улбаалах их түүхийн нүргээн юм. Хөгжмийн зохиолч, Буриад улсын Төрийн шагналт Галмандахын Баттулга жүжгийн хөгжмийг бичиж, буриад улсын Үндэсний найрал хөгжим, театрын гоцлоочид амилуулсан бөгөөд эртний эдлэл хэрэглэл, хувцас сэлт, тайз засал гайхамшигтай уран болсон ажээ.

“Байгал” театрын айлчлан тоглолт Crocus Event Hall-ын тайзнаа аравдугаар сарын 24-нд өндөрлөнө. Театрын жүжигчид үндэсний хувцсаа орчин үеийн гоёлоор сольж, “Танцуют все!” бүжгийн шоу тэмцээнийг үзэгчдэд хүргэх юм. Орос орон даяар явагдсан “Россия-1” телевизийн шоу нэвтрүүлгийн ялагчаар 2017 оны хавар тус театрын бүжгэн жүжиг шалгарсан билээ. Тухайн шоунд буриад бүжигчид авьяас чадвараа тал бүрээс нь нээн харуулж, өөр хоорондоо адилгүй олон төрөл жанрын бүжгээр оролцон, үзэгчдийг байлдан дагуулжээ. Энэ удаагийн тоглолтод “Россия-1” телевизийн шоунд оролцсон бүтээлүүдээ дэлгэх бөгөөд тэдний орчин үеийн хип-хоп хэмнэл, этник агуулгатай нэн өвөрмөц vogue,цэнгээнт бүжиг, контемпорари зэрэг нь орчин цагийн урсгалд дурлагчдад юуны түрүүнд таалагдах буй за. Хаалтын тоглолтыг Монгол улс, Буриад улсын урлаг соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Соёлын элч Дамдинсүрэнгийн Хүрэлбаатарын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. “Байгал” театр хэдэн арван жилийн туршид Орос орныг дэлхийн олон том театрын тайзнаа төлөөлж иржээ. Бусад улс орнуудтай найрамдалт харилцаа тогтоох, улмаар хөгжүүлэх үйлсэд ийнхүү энэ театрынхан хувь нэмрээ оруулсаар өдий хүрсэн бөгөөд Монгол улстай ч энэ харилцаагаа бататгасаар ирсэн юм. Он удаан жил хүлээсэн ах дүү хоёр орны ард түмэн тун удахгүй уулзана. “Байгал” театр айлчлан тоглолтдоо идэвхийлэн шаргуу бэлтгэж, Монголын үзэгчидтэй нүүр тулан уулзах мөчийг тэсэн ядан хүлээж байна. Тасалбарыг Соёлын Төв өргөөний кассаар худалдаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж