Төсвөө аврах уу, эсвэл улстөрчдийн түрийвч хэвээр үлдээх үү?

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Төсвөө аврах уу, эсвэл улстөрчдийн түрийвч хэвээр үлдээх үү?

Төсвөө аврах уу, эсвэл улстөрчдийн түрийвч хэвээр үлдээх үү?

Ардчилсан тогтолцоотой ч хөгжиж дэвжиж, хүн ардаа амар жимэр амьдруулж чадахгүй байгаа улс орнуудын тийм байгаа шалтгааны нэг нь авлига. Авлигал дотроо албажсан буюу хуулийн хүрээнд хийгддэг авлига. Монголд одоо төсвийн авлига ид цэцэглэж байна хэмээн хэдэн жилийн өмнө Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн сануулж байсан.

Арван жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол Улсын төсөв хэд дахин томорсон. 2007 оны төсвийн орлогыг 1,617,213,015.7 мянган төгрөг, зарлагыг 1,725,971,669.0 мянган төгрөг байхаар баталж байсан бол өнгөрсөн 2017 онд орлогыг 4,727,288.6 сая төгрөг, зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ 7,420,601.4 сая төгрөгөөр баталж байжээ. Харин одоо УИХ-аар хэлэлцэж эхэлж байгаа ирэх 2019 оны төсвийн төслөөр орлогыг есөн их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар Засгийн газраас өргөн барьжээ.

Хэдийгээр мөнгөн дүнгийн хэмжээ ийнхүү үлээсэн гүзээ мэт томорсон ч энэ их мөнгө хаана шингэж, хэний сэтгэлийг баясгаж байгаа нь эргэлзээтэй. Багш, эмч нар цалингаа голсоор, балчир үрсээ багтаах цэцэрлэггүй, хүүхдүүдээ тавиун суулган хичээллүүлэх сургуульгүй хэвээр. Том бүтээн байгуулалт хийв үү гэхээр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх том байгуулалт үгүй.  Нийслэл Улаанбаатар хотод зам, гүүрний ажлууд хийгдэж байгаа ч утаан дундаа мансуурсан хэвээр. Уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох гарц болсон төмөр зам бараа сураггүй. Төмөр замаа барина, барихгүй, нүүрсээ урагшаа зөөнө, хойшоо зөөнө хэмээн тал еэвэн эргүүлэн суух зуур хойд, урд хоёр хөрш Монголыг тойруулан дэд бүтцээр холбогдож амжих нь. Ердөө хоёр жилийн өмнө эхэлсэн Амур мөрнийг дамнуулан барих гүүрэн төмөр замын ажил дуусах шатандаа орж байна. ОХУ-ын Еврейн Автономит улсын Нижнеленинское сууринаас Хятадын Тунзян хүртэл 2215 метр гүүрний ажил бараг дууссан ч ашиглалтад оруулах хугацааг ирэх жил болгон хойшлуулсан байна. Энэ гүүрний 85 хувь нь Хятадын нутаг дээгүүр тавигдаж байгаа юм. Оросууд энэ замаар Хятад руу уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, мод, бордоо тээвэрлэхээр төлөвлөж байна. Гүүрэн төмөр замыг нарийн, өргөн цариг хослуулан тавьсан, учир нь, Орост өргөн царигийн төмөр зам, харин Хятадад нарийн царигийн төмөр зам ашигладаг. Энэхүү төмөр замын хүчин чадлыг жилдээ 21 сая тонн хэмээн тооцоолж байна. ОХУ-ын төсвөөс есөн тэрбум ам.доллар, Хятадын төсвөөс 25 тэрбум ам.доллар зарцуулан барьсан байна.

Уг нь томорсон төсвийн буяныг ингэж эдлэх ёстой байх. Харамсалтай нь, Монгол Улсын төсөв авлигын, тэр дундаа улс төрийн авлигын гол ундарга болжээ.

2019 оны төсөв бол онцгой төсөв. Учир нь, 2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. 2020 оны сонгуулийн ажил өмнөх буюу 2019 ондоо эхэлж, намууд, эрхэм гишүүд “тойргоо услах” ажлаа хийх учиртай. Ялангуяа эрх барьж буй нам “тойрог услах” хөрөнгөө төсөвт суулгах замаар хийх нь зуршил болсон.

Төсвийн реформ хийх оролдлогыг өмнө нь Н.Алтанхуяг ерөнхий сайд хийж байсан, харин энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга дуугарлаа. Засгийн газраас өргөн барьсан 2019 оны төсвийг “хэт өөдрөг, айсуй хямралыг огт тооцоогүй, бодит амьдралаас тасарсан, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн” хэмээн дүгнэж байгаагаа УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн /2018.10.12/ нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдлээ.

Анх 2000-2004 онд ерөнхий сайд Н.Энхбаярын үед нэг сая төгрөгөөс эхэлж байсан “гишүүний мөнгө” энэ 2017 оны төсөвт таван тэрбум төгрөгийн дүнтэйгээр Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих гэсэн гоё нэртэйгээр, дүрээ халхлан шингэж чадсан. Ирэх 2019 онд мэдээж таван тэрбумаас буулгахгүйгээр, нэмж хаа нэгтээ шингээхээ бодсон нь эргэлзээгүй. Гишүүдэд хуваарилагдаж буй энэ мөнгө нь төсвийн авлигын хамгийн яруу тод жишээ юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийг бодит байдалд нийцүүлэн бодитой тооцоолох,  улс төрийн давуу байдал бий болгох зорилгоор төсвийн хуваарилалтыг тэгш бусаар хийхийг зогсоох, өрийг нэмэхгүй байх, төрийн албыг цомхотгох, зураг төсөвгүй барилгад мөнгө төсөвлүүлж авахыг зогсоохыг уриалж, хэмнэсэн мөнгийг хөдөө аж ахуйн гаралтай экспортын үйлдвэрүүдэд урт хугацаатай, хүү багатай зээл болгох өгөх саналыг гаргаж байгаагаа мэдэгдсэн.

Төсөв бол угтаа хөгжлийн бодлого байх ёстой болохоос улстөрчдийн эрх мэдлээ худалдан авдаг мөнгөний түрийвч биш. Төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг хувийн хэвшлийнхний төлсөн татвар нь улстөрчдийн түрийвчинд орж байгааг мэдэж байгаа. Гэвч өөрсдөө бизнесээ явуулахын тулд улстөрчдийг гуйх хэрэг гардаг учраас дуугүй байхыг илүүд үздэг нь нууц биш. Ингэж хэн хэнийгээ хүлцсээр байх нь сайн үр дүнд хүргэхгүй учраас төсвийн реформыг дэмжих нь өөрийгөө, ирээдүйгээ аварч байгаа хэрэг болох юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж