"Бид хараагүй ч гэлээ амьд явах эрхээ эдлэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

"Бид хараагүй ч гэлээ амьд явах эрхээ эдлэх ёстой"

"Бид хараагүй ч гэлээ амьд явах эрхээ эдлэх ёстой"

Өнөөдөр “Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу олон улсын хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.

Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэдэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс /МСҮТ/ сурвалжлага бэлтгэхээр өнгөрсөн баасан гаригт  /2018.10.12/ очвол эмчилгээний бариа заслын ангийн дадлага хичээл орж байлаа. Энэ анги 19 оюутантай. Оюутнууд дал мөрний бариаг нэгэндээ хийж өгөн,  хөгжилтэй яриа өрнүүлэн сууна.

Багш нь “Сурвалжлагч ирлээ” гэж хэлэхэд ахмад оюутан “Ингээд бүгдээрээ од болж байгаа юм даа” гэх хариу барьж, бүгд инээлдэв. Түүнийг Н.Жанцсэмбэ гэдэг. Хичээлдээ ирэхийн тулд өдөр бүр Хайлаастын эцсээс гурван автобус дамждаг ажээ. Буудал дээр ирсэн автобус чиглэлээ зарладаггүй тул хараагүй хүнд энэ нь хамгийн том бэрхшээл болдог гэнэ. Тэр хүмүүсээс аль чиглэлийн автобус ирэв гэдгийг асууж байж, суудаг байна.

Тэрбээр “Бид хардаггүй болохоор сонсож, ярилцаж л хичээлээ хийдэг. Нэг, нэгнийхээ царайг, ямаршуу хүн болохыг нь ч мэдэхгүй. Гэхдээ энэ хэдтэйгээ байхад хөгжилтэй, сайхан байдаг юм” гэж ярих түүний царай аз жаргал дүүрэн. Энэ төвийн хамгийн сонирхол татах анги нь гар урлалын анги. Таван оюутан сурдгаас гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй. Тэд шүр, сувдан материалаар ээмэг, зүүлт, толгойн гоёо хийдэг.

Мөн эсгийгээр углааш, цүнх, бойтог хийж, өнгө үзэмж сайтайг нь зарж, олсон орлогоороо сургалтын материалаа авдаг байна. “Би оюутнуудаараа маш их бахархдаг. Хорвоог харах хараатай байж, ямар ч санаачилгагүй, залхуу хүмүүс зөндөө бий. Харин энд байгаа хүмүүс зөвхөн хурууны мэдрэмжээрээ маш олон зүйл хийдэг” гэж анги даасан багш М.Дайрийжав ярив. Хийсэн, бүтээснийг нь худалдан авдаг хүмүүс олон байвал харааны бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөрийг дэмжсэн буянтай ажил болохыг мөн онцоллоо.

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь морин хуур, хөөмий, алжаал тайлах бариа засал, эмчилгээний бариа засал, гар урлал, даралтат хөгжим, компьютерийн чиглэл гэсэн долоон ангитай. Энэ ангиудад төрөлхийн болон олдмол харааны бэрхшээлтэй 106 оюутан суралцдаг. Оюутнуудын харааны төвшнөөс хамааран тэг хараатай бол  брайлан үсгээр, сул хараатай бол том кирилл үсгээр хичээлийг нь хэвлэж өгнө. Харин хожим олдмолоор хараагүй болсон хүмүүс брайлаар тэмтэрч уншиж чаддаггүй. Тиймээс хичээлийг нь аудио хэлбэрээр сонсгодог. Энэ төвийн оюутнууд маш их хичээлтэй. Чөлөөт цаг бараг гардаггүй, завтай үедээ спорт зааландаа хонхот бөмбөг, шоо даам зэрэг спортоор хичээллэдэг байна.

Тус төвийн морин хуурын ангийг 2015 онд төгссөн Л.Анхбаяр ангийн найзуудтайгаа нийлж хамтлаг байгуулжээ. Хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан урлагийн номер бэлдэж байхад нь уулзсан юм. Тэрбээр “Дунд гол орчмоор голчлон хараагүй иргэд явдаг. Явган хүний зам дээр тактелин зам тавьсан ч гэрлийн шон зоочихсон байна лээ. 19-ийн үйлчилгээний төвөөс манай сургууль хүртэл хоёр шон байдаг. Энэ шонг мөргөөд шүдээ хугалсан, хамраа гэмтээсэн хүмүүс хүртэл бий. Бас нэг асуудал нь урд талын гэрлэн дохионоос цааш явган хүний замтай ойрхон дараалаад таван ч траншэйны нүх байдаг. Таглаагүй байх тохиолдол бий. Тэр үед хараагүй хүн унаж бэртэх эрсдэлтэй. Улаанбаатар хот бүх л бүтэн улсын нийслэл байж хөгжлийн бэрхшээлтэй иргэд явах дэд бүтэц гэх юм юу ч байхгүй. Ядаж л Засгийн газрын ордноо тойроод дуут гэрлэн дохиотой болмоор байгаа юм. Бид эрийн сайндаа гэдэг шиг л аргагүйн эрхэнд л амьд явж байна даа” гэсэн юм.

МСҮТ нь долоон анги, сургалтын танхим, спорт заал болон хоолны заалтай. Оюутнуудад хичээл заадаг мэргэжлийн 17 багштай. Багш нар нь өдрийн ихэнх цагийг оюутнууддаа зориулдаг байна. Сурах хүсэл эрмэлзэлтэй, хичээнгүй ч харааны бэрхшээлтэй тэдний хувьд багш нар нь хамгийн хүндтэй хүмүүс. Хоёр жил сураад төгсдөг ч нэгэндээ дасаад найзууд шиг л болсон байдаг даа гэж Бариа заслын эмчилгээний ангийн багш Б.Энхмандах хэлсэн юм.

Б.Энхмандах багш өөрөө тэг хараатай. Гэсэн хэдий ч бууж өгөлгүй сургуульд сурч, тэр бүү хэл Японд мэргэжил дээшлүүлсэн байна. Тэрбээр “Тухайн үед би таягаа бариад ганцаараа хүссэн газар луугаа явж чаддаг байлаа. Харин энд хэзээ ч таягаа бариад ганцаараа явж үзээгүй. Монголд тактелин зам байдаг. Гэхдээ тэр замыг хараагүй хүн дагаж явах маш эрсдэлтэй. Гэнэт машин зам руу ороод ирдэг, гэрлийн шон таардаг гэх мэт дандаа л аюул отож байдаг. Уг нь бид хараагүй ч гэлээ амьд явах эрхээ эдлэх ёстой. Харамсалтай нь, манай оронд энэ эрхээ эдлэх орчин нөхцөл байхгүй. Манай улсын харааны бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн байдал, цалин, хувь хүний хөгжлийг бусад хөгжингүй оронтой харьцуулбал хамгийн доор нь бичигдэнэ” гэсэн юм.

НҮХЭНД УНАЖ ҮЗЭЭГҮЙ ХАРААГҮЙ ХҮН БАЙДАГГҮЙ

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл “Үндэсний статистикийн хорооноос улсын хэмжээнд 11 мянга 800 харааны бэрхшээлтэй иргэн байна” гэсэн тоо өгдөг. Гэхдээ энэ тоо нь асуудалтай. Учир нь Монгол Улсад хүний харааны бэрхшээлийг тогтоох боловсронгуй аргачлал байдаггүй. 2010 оны хүн ам орон сууцны тооллогод 16 мянга 600 харааны бэрхшээлтэй иргэн байна гэж гарсан. Тэгвэл өнөөдөр үлдсэн 4000 хүн нь хаачив. Ямартай ч хараатай болоогүй. Харааны бэрхшээлтэй иргэдэд асуудал мундахгүй. Наад зах нь нүхэнд унаж үзээгүй хараагүй хүн бараг байдаггүй. Гурван жилийн өмнө хашлагагүй граш руу таягтай хүн унаж нас барсан эмгэнэлтэй явдал болсон. Улаанбаатар хотод хараагүй иргэн амьдрахад аюултай. Энэ асуудлыг зөвхөн нүх бөглөөд шийдэхгүй. Хувь хүний хөгжил, боловсрол, орчин нөхцөл гээд цогцоор нь шийдэх ёстой.

Нөгөө талаасаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр сул. Хэдий харааны бэрхшээлтэй ч гэсэн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан мэргэжилтэй олон харааны бэрхшээлтэй иргэд байдаг ч ажилд авдаггүй. Тэгэхээр төрөөс бодлого гаргахдаа бидний саналыг сонсох хэрэгтэй байгаа юм. Бид харахгүй байгаа ч ярьж чадна.

Орон нутагт халамжийн хуулийн хэрэгжилт муу. Түүнийгээ дагаад харааны бэрхшээлтэй иргэдийн эрх маш их зөрчигддөг. Шийдвэр гаргах төвшний хүмүүст энэ талаар шаардлага, санал хүсэлт хүргүүлдэг ч үр дүнд хүрдэггүй. Гэхдээ манай холбооноос гишүүдийнхээ эрхийн төлөө шаардлагатай бүхнийг хийж байна.

Улаанбаатар хотод хараагүй иргэдэд зориулсан нийтийн тээвэр, замын тэмдэглэгээ тэр бүр харагддаггүй. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн гуравдугаар бүлэгт “ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах”, тэр дундаа “барилга байгууламж, зам талбай, нийтийн тээврийг хүртээмжтэй байлгах” гэсэн заалт байдаг. Гэсэн ч энэ хууль амьдрал дээр хэрэгжихгүй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд дуут гэрлэн дохио ганцхан аж. Буудал дээр ирээд чиглэлээ зарладаг автобус нэг ч байдаггүй. Хаа нэг тактелин зам байдаг ч стандартад нийцэхгүй.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Драгон” төвийн урд талын  явган хүний замд тактелан зам барьсан ч удалгүй дээр нь найман нэрийн дэлгүүр барьжээ.

Хот сайхан болж, иргэддээ ээлтэй, амьдрах аюулгүй орчин бүрдэж байгаа тухай нийслэлийн удирдлагууд ярьдаг ч хийсэн ажлуудад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн нэг ч хөтөлбөр алга.

Харааны бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн бүтээн байгуулалтыг хэзээ хийх вэ, хотын дарга аа?

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж