Саудын Арабын гаралтай “Washington post” сонины сэтгүүлч Жамал Хашкажи сураггүй болоод 10 гаруй хонож байна. Энэ хооронд түүнийг Саудын Арабын Засгийн газрын захиалгаар хөнөөсөн гэх таамаг өндрөө авч, Истанбул дахь консулын байрны гадна түүнийг суллахыг шаардсан лоозон барьсан хүмүүс жагсаал хийцгээж байна. Тэгвэл түүнийг хөнөөх үеийн аудио бичлэг Туркийн албаныханд бий хэмээн “Sabah” сонинд аюулгүй албаныхны эх сурвалжтайгаар мэдээлжээ. Сонинд бичсэнээр Жамалын зүүж явсан “Apple” брэндийн бугуйн цагт Истанбул дахь Саудын Арабын консулын байранд болсон яриа бичигджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Жамал консулын байр руу орохынхоо өмнө сүйт бүсгүйдээ “iPhone” гар утсаа өгсөн ба Туркийн албаныхан түүний “iCloud” хаягийг ашиглан аудио бичлэгийг олж авчээ. Түүнчлэн Саудын Арабын албаныхан бичлэгийг устгахыг оролдсон боловч “Apple” цаг дээр хурууны хээ таньдаггүй, зөвхөн нууц дугаараар онгойдог тул чадаагүй гэнэ. Түүнийг Саудын Арабын 15 гишүүнтэй захиалгат аллага гүйцэтгэдэг бүлэглэл хөнөөсөн гэж Туркийн эх сурвалж мэдэгдсэн байна.
Жамал нь аравдугаар сарын 2-нд гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэх гэж Саудын Арабын консулын байр руу явж ороод сураггүй болсон аж. Сүйт бүсгүй Хатиш Ченгизийн хэлснээр Жамал түгшсэн байдалтайгаар “удахгүй уулзъя хонгор минь” гэж хэлээд консулын байр луу оржээ. Жамал орон нутгийн цагаар 13.00-д консулын газарт орсон боловч шөнийн 00.00 цаг хүртэл хүлээсэн ч гарч ирээгүй аж. Үүнээс хойш хэд хоногийн дараа аравдугаар сарын 6-нд Жамалын 60 насны төрсөн өдрөөр анх удаа түүнийг Саудын Арабын Засгийн газрын захиалгаар хөнөөсөн гэх мэдэгдэл гарсан юм. Харин Саудын Арабын тал үүнийг эрс няцааж байна. Улмаар нэгжлэг явуулахын тулд консулын газраа нээлттэй байлгахаа мэдэгдсэн.
Гэвч Туркийн Гадаад хэргийн яамнаас сэтгүүлчийг эрэн сурвалжлах ажилд Саудын Арабын тал хамтран ажиллаагүй байгаа гэдгийг мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчийн хэрэгт Саудын Арабыг шийтгэх зорилгоор тус улстай хийхээр төлөвлөсөн зэвсгийн наймаагаа цуцлахаа анхааруулжээ. Түүнчлэн тэрбээр Жамалын гэр бүлийнхнийг хүлээн авч уулзахаа амласан байна. Дональд Трамп сэтгүүлчийг Саудын Арабын Засгийн газрын оролцоотой хөнөөсөн нь батлагдвал тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч зэвсгийн худалдаагаа зогсооно гэж мэдэгдсэн байна.
АНУ нь Саудын Арабтай олон тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулахаар яригдаж байгаа аж. Дональд Трампын хүргэн нь Ойрхи-Дорнодоос гаралтайн хувьд түүний анхны гадаад айлчлал нь Саудын Арабт болж байв. Гэвч өдгөө сураггүй болсон сэтгүүлчээс болж дотоод, гадаадаас дарамт, шахалт их байгаа аж. Улмаар сэтгүүлчийн хэрэг хоёр орны харилцаанд өөрчлөлт оруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Жамал нь Саудын Арабын хааны гэр бүлтэй дотно байсан ч 33 настай ханхүү Мухаммед болон Засгийн газрын эсрэг хамгийн том шүүмжлэгч нэгэн болжээ. Тэрбээр сүүлд “Washington Post” сонинд Саудын Арабын Засгийн газраас Йемен улсад явуулж буй цэргийн ажиллагаа болон эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрснийхөө дараа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг баривчилсан зэргийг нь шүүмжлэн бичжээ. Жамал 2017 оны есдүгээр сард Засгийн газраас түүнд ээлжит анхааруулга өгсний дараа тэр эх орноо орхихоос өөр аргагүй болж АНУ-ыг зорьсон юм. Түүний дотнын найзууд баривчлагдаж, "Al-Hayat" сонин түүний нийтлэлийг хэвлэхээ больжээ. Саудын Арабаас явж, Истанбулын Консулын газарт алга болох хүртлээ Жамал АНУ, Их Британи, Турк гэсэн гурван улсад амьдарсан.