Ерөнхийлөгч дөрөв дэх хоригоо тавихаар “зэхэж” байна

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч дөрөв дэх хоригоо тавихаар “зэхэж” байна

Ерөнхийлөгч дөрөв дэх хоригоо тавихаар “зэхэж” байна

Монгол Улсын 2019 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед ирэх жил хаана, хэний тойрогт хөрөнгө оруулалт илүү байх, хэний тойрогт дутуу байх, сайд нарын төсөв ямар байх гээд хэлэлцүүлэг өрнөсөн өдрүүд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт чуулганы хуралдаан дээр үг хэлэв. Ингэхдээ, “УИХ-аас Засгийн газрын нэгэн жилийн үйл ажиллагааг хянах гол үүргээ биелүүлж, худалдагдахгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг урьтал болгож хариуцлагатай ажиллахыг сануулж, уриалж байна. Хэрэв УИХ дээр дурдсан алдаа дутагдал, хуулийн зөрчлөө арилгалгүй 2019 оны төсвийг баталбал нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний хувьд, ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс уг шийдвэрт хориг тавих болно” гэж тодотгов. Өөрөөр хэлбэл, 2019 оны төсөв түүний хэлснээр 2020 оны хямрал, улс орноо бодсон төсөв биш тойрог руу чиглэсэн байдлаар батлах юм бол хориг тавина гэдгээ шууд хэлэв.

Үнэн хэрэгтээ улс орныхоо, ирэх жилийнхээ эдийн засгийн төсвийг харгалзан үзэж, тойргийн эрх ашиг бус улс орныхоо эрх ашгийг харсан төсөв батлах гэдэг бол жил жилийн төсөв хэлэлцэх үеэр яригддаг л сэдэв. Үүнийг ганц Ерөнхийлөгч ч бус эдийн засагчид ч хэлсээр ирсэн. Нэгэнт сонгуулийн хууль, тогтолцоогоороо тойргоос сонгогддог гишүүд өөрийн тойрогтоо хөрөнгө оруулалт татах, сонгогчдодоо хэлэх үгтэй очих гээд дахин сонгогдохын тулд тойргоо бодсон л шийдвэр гаргана. Ялангуяа сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг утгаараа 2019 оны төсөв хамгийн чухал.

Төсөв хэлэлцэж эхэлсэн цагаас чиний, миний тойрогт их, бага мөнгө хуваарилсан байна, зураг төсөл нь ч бэлэн болоогүй сургууль, цэцэрлэгийн төсөв ярьсан гишүүд чуулганы танхимаар дүүрэн. Гэхдээ зарим гишүүдийн хэлсэнчлэн төсвийн хуульд заасан зураг төсөл нь бэлэн болсон, зайлшгүй шаардлагатай төсвүүдэд хөрөнгө оруулах шаардлагатай байгаа. Гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж,  зарлага нь орлогоо хэт давсан төсөөллөө ядаж л 76 тойрогт алдчилгүй,  тэнцвэржүүлэх нь Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын үндсэн үүрэг. Гэтэл төсвийн анхны хэлэлцүүлгээс Ардчилсан нам бүрэн эрхийнхээ хүрээнд тав хоногийн завсарлага авч, төсөвтэй танилцах шаардлагатай хэмээн долоо хоног төсөв хэлэлцэгдээгүй хойшилсон. Мөн зарим гишүүд тойрогт нь мөнгө бага хуваарилсан,  Сангийн сайд өөрийнхөө тойрогт өндөр төсөв тавьсан гэх мэт шүүмжлэлүүд АН-аар зогсохгүй, МАН дотор ч өрнөж байна. Чухам ийм цаг үед оруулж ирсэн төсвөө хамгаалаад гарна гэдэг юу л бол.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГУУД

  • 2017.10.27

-Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавив. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд хориг тавьж байв. Гэвч УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй юм.

  • 2017.11.02

– Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавив. 2017 оны төсвийн тодотголд хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй юм.

  • 2017.12.05

– Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавив. УИХ мөн л энэ хоригийг хүлээж аваагүй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьж байсан хоригууд бүгд Ч.Хүрэлбаатар сайдтай шууд холбоотой. Түүний анхны хориг Ч.Хүрэлбаатар сайдын томилгоо байсан бол дараагийн хоёр хориг нь мөн л түүний оруулж ирсэн төсөвтэй холбоотой байв. Тэгвэл энэ удаад ч мөн Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатар сайдын чамбай боловсруулан оруулж ирсэн төсөв дээр хориг тавина гэдгээ тодотгов.  Гэхдээ төсвийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар биш УИХ баталдаг.  Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь түүний“харшилтай” Ч.Хүрэлбаатар сайдын оруулж ирсэн төсөв УИХ дээр ямар мэс засал хийгдэж батлагдах вэ гэдгээс маш их хамаарна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж