Амлалтын аадар бороо цутгуулан байж ард түмний цөхрөлийн ганг тайлсан 16-оны сонгуулийн зуныг Ардын намын нөхдөд эргэн сануулъя. Эрт сануулах нь 20 онд хожимдож гэмшихээс нь сэрэмжлүүлэхийн тулд тэр билээ. Өнөөгийн эрх баригчид сөрөг хүчин байхдаа хүүхдийн мөнгийг хасах гэлээ гэж Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг зад шүүмжилж байж гарч ирсэн. “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө” гэсэн амлалт нь ялалт байгуулсан Мөрийн хөтөлбөрийнх нь яалт ч үгүй нэг тулгуур нь байсан. Харин тэд эрх баригч болсныхоо дараахан эдийн засаг хүнд байна гэсэн элдэв шалтгаанаар нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө өгөх болсон. Үлдсэн 40 хувийнх нь мөнгийг дансанд нь хуримтлуулж байгаад дараа нь нөхөж олгоно гэж аргалсан.
Өнгөрсөн хавар хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор боллоо гэж баахан сүржигнэсэн ч үнэндээ амьдрал дээр хэрэгжихдээ сураг алдрав. Хүүхдийн мөнгө авах 80 хувьд багтахгүй болтлоо амьжиргаа нь дээшилсэн айл өрх алга л байна. Оёдлын машин, зурагт хөргөгчтэй гэдэг олхиогүй шалтгаар хасагдсан хэвээр байгаадаа бухимдагсад харин зөндөө. Хүүхдийнхээ мөнгийг авах хүслийг нь хясал дагасан эцэг эхчүүд өчнөөн. Аргаа барсан тэд Ардын нам амлалтаасаа ухарч “Адын” нам болж байна гэж шогшрох. “Араа даана гэж бодож байгаа бол хорин онд хариуг нь яаж өгөхийг хараарай” гэж эгдүүцэх. Маргааш МАН-ын бүлэг 11 гишүүнийхээ санаачилсан Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төслийг хэрхэхээ хэлэлцэнэ. Нэг үгээр хэлбэл ард түмнээ алагчлахгүй гэж ярих дуртай Ардын намынхан алаг үрсийг ялгаварлах эсэхээ яруу тод харуулна. Монголчууд “хүүхдийн нүд хараадаг” гэлцдэг. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх амлалтандаа хүрэхгүй л бол “хараалын төлөөс” хатуухан ирж мэдэх л байх. Одоо ОУВС луу бухаад хэрэггүй. Оронд нь төсвийн урсгал зардал, автомашин, тавилга, эд хогшил авахаар 260 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн үрэлгэн төсвөө танаж, 20 гаруй тэрбум төгрөг монголын ирээдүйд алагчлалгүй хүүхдийн мөнгө өгөхөд зориулчих. Түүнийхээ дараа өөрсдийгөө Ардын нам гэж ам бардам хэл. Амлалтаасаа урваагүй шүү гэж нүүр бардам иргэдтэйгээ уулз.
Амлалтаасаа ухрав! Өнөөдөртөө энэ үг алдуузай гэсэн захиас болгож МАН-д хүргэх үг. Харин маргааш хүүхдүүдийн хүсэл рүү хөө цацсан шийдвэр гаргавал “Амлалтаасаа ухрав” гэдэг үг ашид өнгөрсөн цаг дээр хэлэгдэж ард түмэн ахиад хэзээ ч эргэхгүйгээр та нараас нүүрээ буруулна гэдгийг санагтун!
С.ЗОЛ