"Цахилгаан" Болт хөнгөний пүүзээ хөлбөмбөгийнхөөр солилоо

Хуучирсан мэдээ: 2018.10.14-нд нийтлэгдсэн

"Цахилгаан" Болт хөнгөний пүүзээ хөлбөмбөгийнхөөр солилоо

Манай гаригийн хамгийн хурдан хүн, 100, 200 метрийн дэлхийн рекордыг эзэмшигч, Олимпийн найм, Дэлхийн 11 удаагийн аварга, Ямайкийн домогт ойрын зайн гүйгч, "Цахилгаан" хэмээх Усайн Болт өнгөрсөн жил гүйлтийн замаа орхиж, хөнгөн атлетикийн хувьд "пүүзээ тайлж" дардан замаа, дуулиан шуугиантай орхисныг бүгд санаж буй биз ээ. Гэхдээ тэрбээр тамирчны замналаа хөлбөмбөгийн талбайд үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэж байсан ч олон хүн "наргиан" гэж хүлээн авсан болов уу?


Хэзээнээс хөлбөмбөгт нугасгүй дуртай, угаасаа Английн "Улаан чөтгөрүүд" буюу "Манчестер Юнайтед"-ын улаан фэн Усайн Болт хөлбөмбөгийн хэд хэдэн багийн бэлтгэлд хамрагдсан ч мэргэжлийн гэрээ байгуулж, албан ёсны тоглолтод оролцолгүй өдийг хүрсэн юм. Харин өнгөрсөн наймдугаар сараас Болт Австралийн "А-League" -ийн “Central Cost Mariners” багтай бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд хэд хэдэн нөхөрсөг тоглолтод сэлгээгээр талбайд гарсан билээ.

 

Тэгвэл өчигдөр буюу 2018 оны аравдугаар сарын 12-нд "Цахилгаан" маань багийнхаа гарааны бүрэлдэхүүнд гарч тоглосон төдийгүй хөлбөмбөгийн ногоон талбайд " цахилж" эсрэг багийн хаалганд хоёр гоол орууллаа. Оруулсан гоол болгоныхоо дараа Болт бэлгэдэл болсон "Цахилгаан" ёсолгоогоо хийж, хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөв. Ийнхүү домогт гүйгч маань мэргэжлийн хөлбөмбөгийн замналын албан ёсны анхны гоолоо бүртгүүллээ.  Ногоон талбайд Усайн Болт 95 дугаарын өмсгөлтэй тоглож байгаа. Спортын хорхойтнууд яагаад 95 дугаарыг сонгосныг гадарлаж байгаа биз дээ.  Тиймээ тэрбээр 100 метрийн зайд 9.5 секунд ( 9.58 сек) хурдалж, дэлхийн рекорд тогтоосон нь есөн жил эвдэгдээгүй байгаа.

Ц.ЭНХТҮВШИН /ТАВАН ЦАГАРИГ/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж