Хаврын чуулганы төгсгөлд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын өргөн барьсан хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж баталсан билээ. Ингэснээр УИХ-ын намрын чуулган шинэ дэгээр хуралдаж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг танилцуулж байна
Гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх, гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй байх, гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлвэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгох зохицуулалтуудыг шинээр тусгасан.
Хууль тогтоомжийн төсөл, бусад асуудал хэлэлцэх дэгийг боловсронгуй болгох хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэцээс хүчингүй болгосонтой холбогдуулан Улсын Их Хурлаас холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Үндсэн хуульд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, Байнгын хорооны хуралдаанаар холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээллийг сонсох дэгийг тогтоохоор заасан.
Түүнчлэн чуулганы хуралдаанд тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулахыг үүрэг болгох, гишүүн хуралдааны үед авсан нэмэлт хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл гишүүний саналаар 2 хүртэл удаа тус бүр нэг минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах боломжийг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг хуульд шинээр нэмж тусгасан.
Шинэ дэгээр бол УИХ-ын гишүүдийн саналыг хурууны хээгээр авах тухай заасан. Гэвч хурууны хээ уншдаг кнопны төсвийг урьдчилж суулгаагүй тул 2019 оны дөрөвдүгээр сарын 5-наас буюу дараа жилийн хаврын чуулганаас эхлэн хэрэгжүүлэх юм. УИХ-ын гишүүдийн саналыг хурууны хээгээр нь авдаг болсоноор бусдын өмнөөс санал өгч кноп нь дарах байдал арилна.
Хууль хэрэгжиж эхэлсэн ч УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн санаачилсан зарим заалтыг дэмжигдээгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр "Гишүүд бусдын өмнөөс кноп дардаг, төгөлдөр хуурддаг зохисгүй явдал төгсгөл боллоо. Бусдын өмнөөс санал өгөх замаар гишүүний, цаашлаад иргэдийн эрхэнд халддаг байдал эцэс болов. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүний хариуцлагатай холбоотой зарим заалтууд хасагдсанд харамсч байна. Тухайлбал, Дэг зөрчсөн гишүүнийг танхимаас гаргах заалт дэмжигдээгүй. Хуралдаа суудаггүй тасладаг, хугацаандаа ирэлгүй хоцордог гишүүнийг эргүүлэн татах заалтыг хассан нь ухралт болсон. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэн хэлэлцэх дэгтэй холбоотой заалтууд бүхэлдээ хасагдлаа. Төрийн албан хаагчид, холбогдох албан тушаалтан УИХ-д, төрд зөвхөн үнэн зөв мэдээлэл өгдөг байх хариуцлагын заалтыг ч мөлийлгөсөнд харамсч байна. Уг нь хуулийн төсөлд "Санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол энэ нь түүнийг огцруулах, төрийн албанаас халах үндэслэл болно" гэж заасан байсан юм. Энэ нь монгол төрийн дархлаа, чадамжид, төрийн албыг хүнд сурталтан, ажил оромдогчидоос ангид байлгахад хэрэгтэй байлаа. Дэгийн хууль өмнөхөөсөө дээрдсэн үү гэвэл дээрдсэн. Гэхдээ гишүүдийн, албан тушаалтнуудын хариуцлагыг дахиад илүү чангатгах, дэг шиг дэгтэй болох зарим асуудлууд хэлэлцүүлгийн явцад хасагдсан. Дахиад л хуулиа сайжруулахын төлөө ажиллана даа" хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
Т.НОМИН
Холбоотой мэдээ