Одоогоос хоёр жилийн өмнө Францын лигт түрүүлж ПСЖ клубын ноёрхлыг зогсоож, өнгөрсөн улирал дэд байранд шалгараад байсан Монако клуб дасгалжуулагч Л.Жардимыг ажлаас нь чөлөөлж Францын алдарт хөлбөмбөгчин Т.Анриг дасгалжуулагчаараа томиллоо. Энэ улирлын Монако клуб төрөл арилжсан мэт хангалтгүй тоглолт үзүүлж байгаа бөгөөд улирлын есөн тоглолтоос ердөө нэг хожил авч гурав тэнцэн, тав хожигдож зургаан оноотой хүснэгтийн 18-рт бичигдэж байна. Мэдээж энэ нь багийн удирдлагуудад дараагийн дасгалжуулагчийн эрэлд гарахад хүргэсэн бөгөөд сонголт нь Т.Анри байлаа.
Францын алдарт хөлбөмбөгчин Т.Анри 2014 онд пүүзээ хананд өлгөсөн бол 2016 онд Бельгийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Түүний дасгалжуулагчийн ажил ч амжилттай байсан бөгөөд Бельгийн шигшээ багийг дэлхийн аваргын хүрэл медальд хүргэхэд том хувь нэмэр оруулсан. Ялангуяа Бельгийн шигшээ багийн довтолгоог өнөөгийн түвшинд хүргэсэн хүн бол Т.Анриг гэж үздэг.
Дашрамд сонирхуулахад, Т.Анри мэргэжлийн карьераа 1994 онд Монако клубээс эхлүүлж байсан бөгөөд 1999 онд багаа орхиж Ювентус клубийг зорьж байсан. Тэгвэл 21 жилийн дараа мэргэжлийн карьераа эхлүүлсэн багтаа дасгалжуулагчийн дүрээр эргэн ирж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ