Б.Гарамгайбаатар: Бидэнд чөдөр тушаа болсон хоосон мэтгэлцээнийг хойш тавьж, урагшаа явахаас өөр гарц байхгүй
Төсөв тойрсон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Гарамгайбаатар нар ярилцлага өглөө.
-Сүүлийн өдрүүдэд иргэд “Монгол Улсын өрийн таазыг 60 хувь болгох уу, эсвэл 70 хувь уу” гэдэг маргааныг орой бүр сонсож байгаа. Ерөнхийдөө 60 хувьд хүргэхээр тогтсон гэж ойлгож болох уу?
-Б.Гарамгайбаатар: Иргэд сонгогчдын өдрийн амгаланг эрье. Таны хэлж байгаачлан өрийн таазыг шинэчлэн тогтоох асуудал хүн бүрийн анхаарлын төвд байна байна хэмээн та хэллээ. Тэгэхээр өрийн тааз гэдэг нь өөрөө юу вэ гэдэг ойлголтоос эхэлье. УИХ 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан. Тэр хуулинд улсын нийт өрийг тодорхой хугацаанд хэр хэмжээний хэлбэлзэлтэй байхыг тогтоосон. Олон улс оронд ийм хууль бий. Монгол Улс ч энэ хуульд нэлээд өндөр ач холбогдол өгч батлаад, 2012 оноос хэрэгжүүлсэн. 2012 оноос гэхээр 2010 онд хэрэгжих ёстой хууль 2012 онд хэрэгжээд, хэрэгжихдээ эхний хэмжээнээсээ биш, хоёр дахиасаа эхэлж явсан ийм түүх байна. Одоо Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 2 зүйл заалт дээр байгаа юм. Засгийн газраас өргөн барьсан хуулиар бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.6, 19.1 заалтуудыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан гэж өргөн барьсан. Яагаад ингэж өөрчлөх шаардлага гарав гээд өнөөдрийн нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийгээд үзэхээр дараах дүр зураг гарна. Гадаадын банк, санхүүгийн байгууллагууд болоод Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны Валютын сангийн зөвлөмжийг үндэслэж байж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөх шаардлага гарсан. Энэ хуульд нийцүүлж төсвийг өөрчилнө гэхээр төсөвт тусгагдаагүй байсан санхүүгийн нэмэлт эх үүсвэрүүдийг төсөвт суулгах шаардлага гарсан. Үүнээс үүдэлтэй өрийн таазны хэмжээг өсгөх шаардлага үүссэн. Өсч байгаа шардлага нь бол 2012 оноос эхлээд Хөгжлийн банкны хууль гаргаж, Хөгжлийн банкыг бий болгож түүгээрээ төсөл арга хэмжээг санхүүжүүлж байсан. Энэ маань Монгол Улсын төсөвт суухгүйгээр хоёр дахь эх үүсвэр болж явагдаж байв. Энэ бүхнийг одоо нэг төсөвтэй болгож байгаагаас үүдэн үүсч байгаа асуудал гэж тайлбарлаж болно.
-Өрийн тааз 60 хувьд хүрсэнээр ямар өөрчлөлт, эерэг-сөрөг үр дүн гарах вэ?
-Б.Г: Намууд дээрх бодит нөхцөл байдлыг ойлгоод, зөвшилцөөд хамтран шинэ Засгийн газар байгуулсан. Өмнөх Засгийн газрын алдаа, оноог шүүмжлээд огцруулчихлаа. Тэгээд УИХ-д суудалтай намууд хамтран Засгийн газар байгууллаа. Одоо бид улс эх орныхоо төлөө нэг чиг рүү харж ажиллаж байгаа бол бодит нөхцөл байдлаа зөв харья. Энэ зөв харсан нөхцөл байдлаа нэгдсэн үедээ зөвөөр ашиглаад, цаашлаад улс эх орны эдийн засаг, төсвийн байдлыг зөв зүйтэй зам руу оруулья гэсэн үндэслэлээр зөвшилцлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ дээр Хөгжлийн банкны санхүүжилт буюу Монголбанкны үнэ тогтворжуулах гэрээ хийгдэж байсан төсвөөс гадуурх орлого, зарцуулалтуудыг төсөвт суулгах зайлшгүй шаардлага бий. Тэдгээрийг төсөвт суулгахад өрийн хэмжээ одоо байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу мөрдөгдөж байгаа ДНБ-ий 40 хувиас давсан. Одоогоор 58.3 хувьд хүрээд байгаа нь тодорхой болсон учраас намууд үүнийг хүлээн зөвшөөрье гэдэг асуудал байгаа. Засгийн газар өрийн таазыг 60 хувьд хүргэх санал өргөн барьсан. Тэгэхээр энэ хэмжээгээрээ тогтоод, нэмж ямар нэгэн эх үүсвэрээс зээл авахгүй байх тал дээр намууд зөвшилцсөн.
-Өрийн асуудал дээр хүмүүс янз бүрийн байр суурьтай байна. Зарим хүн өрнөөс айх ёстой гэж харж байгаа бол зарим хэсэг нь зээл авч байж хөгжинө гэж яриад байгаа. Та бүхэн үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ж.Батсуурь: Эдийн засгийн өргөн утга агуулгаар нь аваад үзэх юм бол зээл авах нь энгийн харилцаа. Харин авсан зээлээ хэрхэн зарцуулсан бэ гэдгээс үр дүн нь тодорхойлогдоно. Өмнөх Засгийн газар хоёр жил энэ асуудалд хариуцлагагүй хандсан. Чингис бонд, Самуурай бонд гээд нэлээд зээл авсан. Үүнийгээ түргэн үр дүн гаргах хөрөнгө оруулалт гэж ярих юм бол эргэн төлөгдөх хугацаа гэж гол хэмжүүр байдаг. Үүнийг тооцож зарцуулаагүй, хариуцлагагүй байдал нэлээд газар авсан. Энэ утгаараа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, валютын ханш өссөн, үндэсний үйлдвэрлэгчид, компаниуд үүд хаалгаа барьж, ажлын байраа хадгалж чадахгүй, ажилгүйдэл бий болсон гээд олон сөрөг үр дагавар гарсны дагуу эцэст нь бид Засгийн газарт хариуцлага тооцсон. Гэхдээ нэгэнт Монгол Улсын нэрээр авсан зээлийг улсын өр гэж тооцох ёстой, үүнийгээ төсөвт оруулаад тооцмогц улсын өр ДНБ-ий 40 хувиас илүүгүй байна гэдэг заалтыг зөрчөөд явчихлаа. 55 хувь, 58 хувь гэх мэт янз янзын тоо яригдаж байгаа. Гэхдээ өр гэдэг сайн зүйл биш, харин авсан мөнгөө зөв зарцуулж, үр дүн гаргаж чадах юм бол айгаад байх зүйл биш юм. Эдийн засаг хүндхэн байна. Манай намын дүгнэлт ч гэсэн тэгэж гарсан. Энэ эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулья, хариуцлагатай Засгийн газар байя, цаашид улс орныхоо эдийн засгийг сайжруулах үндэс суурийг тавья гэдэг дээр нэгдсэн учраас хамтарч байна. Тиймээс одоо ажиллаж байгаа Засгийн газар, Сангийн сайдад эдийн засгийг сайжруулах боломж олгох ёстой. Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн, мөн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс төсөвт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлага байна гэдэг асуудлыг гаргаж тавьсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөх ёстой байдаг. Гэтэл өнөөдрийн бодит нөхцөл байдал ямар ч гэсэн өрийн тааз 40 хувиасаа давчихсан байна. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах байдлаар энэ асуудлыг шийдвэрлэж, төсвийг эрүүлжүүлэхээр энэ асуудлыг УИХ дээр хэлэлцэж байна. Хамгийн гол нь бодит хөрсөн дээр төсвөө эрүүлжүүлье гэсэн. Эхэндээ Засгийн газар 70 хувь болгох санал оруулж ирсэн, харин УИХ хүлээж аваагүй. Тэр тусмаа манай намын бүлэг үүн дээр эрс эсэргүүцэж байгаагаа тухай үед илэрхийлж байв. Харин одоо 60 хувь болгох санал яригдаж байгаа бөгөөд энэ нь бодит үндэслэлтэй учраас дэмжиж болох хэмжээ гэж ойлгож байгаа.
-Өнөөдөр тодорхой болсон энэ асуудалтай холбоотойгоор хариуцлага гэдэг зүйлийг тодруулж асуумаар байгаа юм. Тодруулбал, өмнөх Засгийн газар ДНБ-ийн 40 хувиас илүүгүй байх ёстой улсын өрийг тодорхойгүй болгочихсон. Энэ үйлдлийнх нь төлөө ердөө л албан тушаалаас нь буулгаж энэ асуудлаар хязгаарлагдах ёстой юм уу? Өөр хариуцлага тооцох асуудал байна уу.
-Ж.Б: Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хамтраад шалгалт оруулж байгаа. Хөгжлийн банкнаас олгосон зээл, гэрээнүүдэд дүн шинжилгээ хийнэ. Өнөөдөр ямар байдалтай байгаа юм, авсан зээлээ богино хугацаанд үр дүнд хүрэхээр үйлдвэрлэл явуулж, үр ашиг гаргах төсөлд санхүүжилт олгож чадсан эсэх гэх мэт банкны үйл ажиллагаанд бодит дүгнэлт өгөх үүднээс Аудитын байгууллагатай хамтран ажиллах юм. Энэ ажил үр дүнтэй болон гэж бодож байгаа.
Нөгөө талаар, өнөөдрийн хамгийн чухал асуудал бол төсвийн алдагдал. Аливаа улс орон жил бүр төсвөө батлахдаа тодорхой хэмжээний алдагдалтай аль эсвэл тэнцвэртэй төсвөөр баталдаг. Улсын төсөв сүүлийн жилүүдэд нэлээд алдагдалтай байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдлын хувь хэмжээг 2 хувь байна гээд заасан байгаа. Харин өнөөдөр энэ хэмжээнээс хэтрүүлэхээс өөр аргагүй байдалтай байна. Тиймээс нөхцөл байдалтай уялдуулан 2015 оны төсвийн алдагдлыг 5 хувьд хүргээд, 2016 онд 4 хувь болгон бууруулж, 2017 онд 3 хувь, 2018 оноос эхлээд 2 хувь болгохоор Төсвийн тогвтортой байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм. Би хувьдаа дэмжиж байгаа. Товчхондоо бидний өмнө хоёр сонголт байна. Нэгдүгээрт, өрийн таазыг 60 хувь болгоод, төсвийн алдагдал 5 хувь байхыг УИХ зөвшөөрөх юм бол энэ Засгийн газарт төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу тодорхой зорилт тавин ажиллах боломж бий. Тухайлбал, хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгө гэх мэт халамжийн бодлогоо хумихгүйгээр, мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг онц шаардлагатай нөхцөл байдалд нэмэгдүүлэх боломжийг судлаад хийх боломжтой. Харин өрийн таазыг доош байх ёстой гэдэг хувилбар хатуу буюу өрийн тааз буюу төсвийн алдагдал нь хуульд заасан хэмжээндээ байх ёстой гэж үзээд хатуухан арга хэмжээнүүдийг авч эхэлбэл, бидэнд ийм боломж гарахгүй харин төсвийг хумина гэсэн үг л дээ
-Өрийн таазыг ДНБ-ий 60 хувьд хүргэхээр эдийн засагт яг ямар өөрчлөлт гарах вэ. Инфляци буурах уу, ажлын байрны хэдэн хувийг авч үлдэх бол. Шинэ Засгийн газрын анх оруулж ирсэн 70 хувь гэдэг саналыг дэмжсэн бол ямар үр дүнд хүрэх байв. Харьцуулсан судалгаа байна уу?
-Б.Г: Засгийн газар анх 70 хувь гэж оруулж ирсэн. Энэ бол нэлээн тооцоо судалгаа хийж, үндсэлэл гаргаж байж 70 хувь гэж оруулж ирсэн. Энэ 70 хувийг УИХ дэмжээд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан бол тодорхой асуудлыг шийдэж, харьцангуй олон ажил явуулах боломж байлаа. Харамсалтай нь, дэмжээгүй. Тиймээс Засгийн газар өрийн таазыг 60 хувь болгох санал УИХ-д өргөн бариад, УИХ эл саналыг хэлэлцэн, одоо нэгдсэн ойлголцолд хүрэх гээд явж байна. Өнөөдрийн байгаа 60 хувь гэдэг үндсэндээ хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг санхүүжүүлнэ гэсэн үг. Бодит үнэн бол энэ. Ардчилсан намын бүлэг бол 40 хувьд бариад 2 хувьтай байлгаж болно. Мөн өнөөдрийн яригдаж байгаа төсвийн алдагдал 5 хувь, өрийн тааз ДНБ-ийн 60 хувьтай тэнцүү байх зэргийн алийг нь ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Юу энэ асуудалд нөлөөлөөд байгаа вэ гэвэл, МАН-ын тавиад байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөөд, хэрэгжүүлэх юм бол бид ямар ч бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй. Яагаад гэвэл тухайн үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг гаргаж байхад Монгол орны эдийн засгийн чадавх өнөөдрийнхөөс өөр түвшинд байсан. Өнөөдрийн түвшин бол тэрнээсээ хэд дахин өссөн түвшинд хүрчихсэн. Үүнээс болоод зайлшгүй ийм өөрчлөлт хийх шаардлага гарсан учраас намууд ойлголцож байгаа гэсэн үг юм. 60 хувь дээр санал нэгдээд баталдаг юм аа гэхэд чадвал хүлээж байгаа гүйцэтгэлээ оруулж тооцсон Засгийн газрын тооцоо байгаа. Бид Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан гээд гаднын банк санхүүгийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу хэрэгжих ёстой хуулийнхаа хүрээнд бүгдийг нь оруулж ирээд бодит, хөрсөн дээр нь буулгасан төсөл явуулж байгаа. Энэ нь сайн үзүүлэлт гэж бид үзэж байгаа. Үүнээс цааш олон улсын байгууллагууд бол заавал ийм бай гэсэн шаардага тавьж байгаа юм биш. Зөвхөн ийм байвал сайн, энэ хуулийг мөрдвөл сайн, хуулийг мөрдөхдөө үнэн зөв юмаа тавих ёстой. Зөв тайлан гарга гэдэг зөвлөмж өгдөг. Үүний дагуу л Засгийн газар тавьсан байгаа. Цаашдаа Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх олон ажил, 2015 онд хийгдэх хөрөнгө оруулалтын олон ажлуудыг хийе гэвэл дотоодын бонд гаргаж ирэх зайлшгүй шаардлага гарна. Намуудын зөвшилцөл дээр өрийн таазыг нэмэхгүй, гадаадад өндөр хүүтэй бонд гаргахгүй, зээл авахгүй гэсэн ийм заалтууд бий. Монгол Улс хил хязгаарын хувьд төдийгүй эдийн засгийн хувьд тусгаар тогтносон улс байхын тулд үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлагатай. Аж ахуйн нэгжүүдийг дэмжих хэрэгтэй. Ганцхан энэ тоонд баригдаж ажиилах боломжгүй байгаа нь харагдаж байгаа юм. Хууль байна, бид нөхцөл байдлаа зөв гольдролд нь оруулаад, мөрдөх гээд эхний алхмаа хийж байна.
-Ардын нам өрийн таазын нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурийг анхнаасаа баримталж байсан. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Хэрэв өрийн таазыг 70 хувьд хүргэх юм бол 2-2.5 тэрбум орчим ам.доллар ороод ирнэ. Ингэвэл ам.долларын ханш 200 орчим төгрөгөөр буурна. Эдийн засаг сэргэнэ” гэж байсан. Танай намын бүлэг өрийн таазыг нэмэхгүй гээд байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Ж.Б: Жижигхэн эдийн засагт зээл их аваад өрийн хямралд орно гэдэг нь сайн зүйл биш л дээ. Жижигхэн эдийн засагтай гэдгээ мэдсээр хэрнээ өндөр хүүтэй зээл авсан. Тэгээд үүнийгээ зөв зүйлд зарцуулж байна уу, үгүй юу, хэр хугацаанд эргэн төлөх боломжтой билээ, үр ашиг нь хурдан гарах уу гэх мэт энэ дагалдах эрсдлээс манай зарим гишүүн болгоомжилж байгаа. Ийм болгоомжлол байх л ёстой зүйл. Эдийн засагч хүний хувьд, өнөөдрийн нөхцөл байдлыг харахад Монголбанкны саналыг дэмжиж байна. Хэт хумиад, ямар ч боломжгүй болгоод, хөрөнгө оруулалтууддаа царцаах юм бол төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагууд, төсвөөс цалин авч байгаа 200-аад мянган хүн цалинтай үлдээд хувиараа хөдөлмөр эрхлэгчид, аж ахуй нэгжүүд, компаниуд хөдлөх орон зай байхгүй, хөрөнгө оруулалтыг царцаачихана. Ер нь бол эдийн засгийг хумина гэдэг нь сайн зүйл биш л дээ. Тийм учраас зохистой түвшин барья гэдэг дээр санал нэгдээд байна. Эдийн засгийн онолоороо ч хямралтай нөхцөлд ийм арга хэмжээ авдаггүй юм. Тийм учраас зохистой түвшинд барья гэсэн. Мөн манай намын бүлгийн гишүүд өглөө босоод ирэхээр л өр нэмэгдчихсэн 55 хувь байснаа нэг шөнийн дараа 58 хувь гээд байгаа гэдэг дээр эргэлзсэн тал байгаа. Хүлээгдэж байгаа гүйцэтгэл энэ онд байх хэмжээг нэмэгдүүлэхгүй 60 хувьд барья гэдэг нь их хариуцлагатай, сахилгатай байж мөрдөх хэм хэмжээ. Гэхдээ энэ Засгийн газарт, Сангийн сайдад ажиллах боломж олгох үүднээс санал болгон оруулж ирсэн тоо гэдгийг ойлгож байна. Хувь хүнийхээ хувьд үүнийг дэмжиж байгаа.
-Энэ долоо хоногт Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл мөнгөний бодлогын хүүгээ нэмээд 13 хувьд хүргэж буйгаа зарласан. Хэрвээ өрийн таазыг 60 хувьд хүргээд баталчихвал дахиад мөнгөний бодлогын хүү өсөх магадлал бий гэж Монголбанкны зүгээс мэдэгдээд байгаа. Энэ бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд сайн зүйл биш гэдгийг эдийн засагчид хэлээд байна?
-Ж.Б: Үүд хаалгаа барьж байгаа ажил олгогчдоо тогтоон барьж дийлэхгүй, иргэдийг олноор нь цалингүй болгож байгаа энэ цаг үед хүсээд байх зүйл биш. Тийм учраас өрийн тааз, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэт мөрдөх гэж зүтгэснээрээ илүү ихийг алдах болно. Хямралаас гарах цаг хугацаагаа хойшлуулах болно гэдгийг онолынх нь талаас харж болно.
Намын бүлгүүд нухацтай ярьж ойлголцох байх гэж бодож байна. Эдийн засгийн онол бол цаг хугацаан дээр тулгуурлдаг. Цаг хугацаа алдах нь мэдээж сөрөг үр дагавартай. Тиймээс түргэвчлэх шаардлагатай байна. Бид гаднын хөрөнгө оруулалт, валютын урсгалыг өөрсдөө нэг гараараа хаагаад, багасгаад суугаад байгаа. Нэг компани ирээд уул уурхай эрхлэх гэхээр тийм ч дурсгалтай газар гээд цаг хугацааг өдрөөр, сараар, жилээр хойшлуулсаар байгаад энэ урсгалыг хаачихсан. Өнөөдөр уул уурхайгаа зөв зохицуулаад, үйл ажиллагааг нь чөлөөлөх, эхлүүлэх, хаа хаанаа хариуцлагатай байх шаардлагатай. Эрх зүйн орчин бол нэлээд боловсронгуй болчихсон. Сүүлийн 1992 оны Үндсэн хуулиас хойш үе үеийн УИХ хууль эрх зүйг маш боловсронгуй болгосон.Үүнийгээ ягштал мөрдөөд хаа хаанаа ойлголтоо нэгтгээд явах юм бол боломжтой зүйл. Хэт улс төржилт гэдэг нь эдийн засгийг боймолж, ард түмний эрх ашгийг хохироон, улс орны хөгжлийг удаашруулах зүйл рүү түлхэж байна гэж ойлгогдож байгаа даа.
-Шинэ Засгийн газар өрийн таазыг 70 хувь болгох санал оруулж ирсэн ч буцааснаар 60 хувь болгохоор тогтож байна. Одонтой ээжүүдийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг танах гэснээс үүдэн нийгэмд эсэргүүцэл гараад ирэхээр өөр арга эрэлхийлж байх шиг байна. Цалин, тэтгэврийг нэмэхгүй гэж байсан ч 103 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэрийг нэмэхээр төсөвт тусгах гэж байна. Шинэ Засгийн газрын энэ шийдвэрүүдээс үүдэн “Шинэчлэл хийх гэж байгаа бол байр суурин дээрээ бат байх ёстой биш үү” гэсэн хандлагыг илэрхийлж байгаа хүмүүс байна?
-Б.Г: Ардчилсан намын бүлэг Засгийн газраас оруулж ирж байгаа асуудлаа маш сайн хамгаалдаг чадвартай байх ёстой. Түүнийхээ төлөө зогсдог байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ бид өрийн хэмжээгээ нэгдсэн байдлаар тодорхойлж чадахгүй л байсан. 55 хувь, 58.3 хувь гээд өөр өөр тоо яригдаж байна. Юуны өмнө тоо баримтаа нэгтгэх нь хамгийн чухал. Тэгвэл цаашид арай өөр ойлголцолд хүрнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт орохоос өөр аргагүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэсний үндсэн дээр асуудал нэг өнцгөөс хандаж, нэг ном журмаар явна. Бид удахгүй Өрийн удирдлагын хуулийг батлах гэж байгаа. Энэ хууль гарснаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай холбогдож гарна. Энэ утгаараа өрийг зөв зохистой менежментээр удирдаад явах юм бол бид нарын болгоомжлоод байгаа асуудал цэгцрэх боломж бүрдэж байгаа юм. Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа төсвийн орлого, зарлагаа тооцож үзээд тодорхой хэмжээний таналтууд хийхээр санал оруулж ирсэн. Үүнд, Ардчилсан нам нэлээд шүүмжлэлтэй хандсан. Тухайлбал, одонтой эхчүүдийн тэтгэмж, хүүхдийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн тэтгэмжийн мөнгө, цалин, тэтгэврийг нэмэх ёстой бөгөөд энэ гарцыг хай гэдэг чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Засгийн газар ажиллаад нефть импортлогчдын НӨАТ-ын хуулийг шинээр дахин мөрдөхөөр болоод түүнээсээ 200 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэрийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Энэ эх үүсвэрээр иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан асуудлыг шийдэх боломжтой боллоо. Зөвхөн энд зориулж энэ эх үүсвэрийг зарцуул гэдэг шийдвэрийг өгсөн. Үүний үндсэн дээр төсвийн тодотгол дээр энэ асуудлууд сууна. Мөн Улаанбатаар хотын албан татварын асуудал дээр санал зөрж байсан. Энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг ярилцаад, зөвхөн архи тамхи, зочид буудлын үйлчилгээнээс татвар авах нь зохистой гэдэг тодорхой чиг өгсөн. Мөн бага шатахуун зарцуулдаг, иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг суудлын машинуудын татварыг нэмэхгүй байх чиглэл өгсөн байгаа. МАН ч бүлгээрээ хуралдаад энэ асуудлыг дэмжсэн. Энэ асуудлууд дээр УИХ дахь намын бүлгүүд зөвшилцсөн, нэгдсэн. Намын бүлгүүд ойлголцлын түвшинд нэгдсэн учраас Засгийн газар энэ асуудлыг тодотголдоо суулгаад асуудал шийдэгдэнэ. Ирэх 7 хоногийн лхагва гарагт төсвийн тодотгол болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдах байх. Хэдийгээр улс төрийн намууд өөр өөр үзэл баримтлалтай байдаг ч гэлээ одоо үүнийг хойш нь тавиад бүгд, намууд урагшаа харж эх орныхоо хөгжлийн төлөө нэгдмэл нэг ойлголтоор аливаа асуудалд хандах шаардлага тулгаран ирээд байна. Үүний дараа хүлээгдэж буй олон хуулиуд байна, Өрийн менежментийн тухай, эдийн засгийн өршөөлийн тухай хууль, зөвшөөрлийн тухай хуулиуд хүлээгдэж байна.
-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төсвийн тодотгол хийхтэй зэрэгцэн эрсдэлтэй олон заалт оруулж ирсэн. Ингэхэд хувь улс төрчийнхөө хувьд нэлээд эрсдэл хүлээж байна гэдэг зүйлийг улс төр судлаачид хэлж байсан. Эх хүүхдийн мөнгийг хасах, зорилтот бүлэг рүү ялгавартай олгох асуудлыг болиулсан нь сонгуулийн өмнөх жилтэй холбоотой гэж харах хүмүүс байна. Яагаад гэхээр иргэддээ таалагдахын тулд. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?
-Ж.Батсуурь: Хэт хавтгайрсан халамж, маш олон татварыг тэглэсэн. Нефтийн бүтээгдэхүүний онцгой татварыг тэглээд удсан. Гэтэл бэлэн бүтээгдэхүүн гаднаас худалдаж авчихаад зүгээр л зардаг, татвар төлдөггүй байна гэдэг онолын талаас аваад үзсэн ч буруу зүйл. Татвар төлнө гэдэг нь өөрөө хариуцлага. Нийгэмд хувь хүний оролцоо байх ёстой учраас татварыг зохистой тодорхой хэмжээнд байлгах хэрэгтэй. Гэхдээ эдийн засаг хүнд байгаа өнөөдрийн нөхцөлд бас иргэдийн халаас руу хамаагүй довтлох нь зохимжгүй. Татварын орлогоор бүх зүйлийг хангана, эдийн засгийн хүндрэлийг давна гэж тооцохгүй л байгаа. Нөгөө талаар зарим оюутан улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед тэтгэлгээсээ татгалзья гэж уриалж байна. Зарим эцэг эх ч хэлдэг, “Оюутнуудад баахан мөнгө өгөөд, Улаанбаатарын баарыг тэжээгээд, хичээлдээ явахгүй” ч гэдэг юм уу муу зуршлийг өдөөж байна гэдэг. Тийм учраас үүнийг бодож үзэж тодорхой түвшинд нь аваачих хэрэгтэй. Улс төрийн сонгууль болгоноор л амладаг, бэлэн мөнгө тараадаг энэ зүйлээ харин ч сүүлийн сонгуулиар хоёр намын түвшинд ойлголцоод бэлэн мөнгө тараадаг алхмаа зогсооё гэдэг дээр зөвшилцсөн. Тэгэхээр үүнийг олон талаас нь авч үзэж зохистой хэм хэмжээнд барих ёстой.
Б.Гарамгайбаатар: Ардчилсан намын зүгээс одоогийн Засгийн газрыг үнэхээр эрсдэлтэй алхам хийж байгаа гэдгийг ойлгож байна. Хийхээс ч өөр гарц байхгүй. Нэгэнт намууд нийлсэн энэ үед хамгийн зөв шийдвэрийг аль болох богино хугацаанд хийж, зөв үр дүн гаргахын төлөө л Ардчилсан нам ажиллаж байна. Тэр утгаараа татвараас гадна өөр ямар эх үүсвэрүүд байгааг судалж, анхаарч ажиллах ёстой гэдэг дээр Засгийн газарт шахаж байгаа. УИХ шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт өгдөг учраас бүхнийг Засгийн газрын буруу мэтээр тайлбарлах нь өрөөсгөл. УИХ тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстой. Энэ үүднээс бид 2015 оны төсвийн тодотголыг хийхдээ нэн хариуцлагатай ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон. Тэр дагуу Засгийн газар асуудлаа боловсруулж оруулж ирсэн. Нам сонгуульд ордог учраас 2016 оны эсвэл дараа дараагийн сонгуулийг бодох нь зайлшгүй асуудал. Гэхдээ зөвхөн тэр эрх ашгаа бодож асуудалд хандаж болохгүй. Хоёрдугаарт, санхүүгийн систем иргэн баян бол улс баян гэдэг зарчмыг л барих ёстой. Тэр утгаараа төр оролцох юмандаа оролцож, оролцох шаардлагагүй зүйлээсээ аль болох хол байх тэр арга замыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай явах ёстой. Энэ утгаараа бид хувийн хэвшлийн хийж чадах бүх ажлыг чөлөөлж, төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай асуудлууд дээр төр тодорхой хувь хэмжээндээ л оролц гэдэг зарчим дээр л намууд ажиллаж байгаа. Ялангуяа Ардчилсан нам энэ тал дээр хатуу байр суурь баримталж байна.
Монгол орон өнөөдөр Олон улсын нягтлан болох бүртгэлийн системд бүрэн гүйцэд нэвтэрч чадаагүй өнөөдрийг хүрч байна. Энэ бол маш их тээгтэй явж байгаа. Үүнийг зохицуулж чадахгүй бол маш олон хүн хаалттай зүйлээс болж иргэдийг, бизнесийнхнийг аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа явуулах тэр бүх боломжийг боомилж байгаа хуулиудыг маш богино хугацаанд өөрчлөлт хийх алхамуудыг хийе. Түүнээс биш жижиг сажиг зүйлээс болж маргаад байвал маш их цаг авна
-УИХ-ын дарга эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал нэг талаараа боломж байж болох юм гэж хэлсэн. Тэгэхээр эдийн засгийн үүсээд байгаа нөхцөл байдлыг ямар өнцгөөр харж байна. Ер нь 2015, 2016 оны сонгуулийн жил ирэхэд эдийн засаг тодорхой хэмжээнд өсөлт гарах болов уу. Та бүхэн хэрхэн харж байна вэ?
-Ж.Б: Гарцаа зөв олоод шуурхай ажиллаж чадах юм бол өсөлтийг зогсоосон хямралыг зогсоох, өсөлт гарах тэр цэг рүү очиж чадна гэж ойлгож байгаа. Аливаа бэрхшээл өөрөө дандаа сургамж байдаг. Тэгэхээр өмнөх Засгийн газрын гаргасан алдаа, хууль тогтоогчдын зарим нэг оролцоо буруу байсан гэдгээсээ сургамж аваад зөв гарц руу зөв чиглэл рүү чиглүүлэх боломж гэж тайлбарлаж болох юм.
Б.Г: Тодорхой ажлыг хийж байхад эрсдэл үргэлж дагаж явдаг юм. Ялихгүй улс төр хийгээд эргэж буцаад байх юм бол ажил явахгүй. Тэр утгаараа эрсдэлтэй ч гэсэн бид урагшаа явахаас өөр замгүй. Миний ойлгож байгаагаар, 2016 оны сонгууль гэнэ үү, улс төр ямар байна уу гэхээсээ илүүтэйгээр бидэнд ирээдүйд сэргэлт бий. Ганцхан бид чөдөр тушаа болгоод байгаа хоосон маргаан, бие биенээ давах гэсэн мэтгэлцээнээ л хаяж, эрх зүйн орчноо сайжруулах асуудалд түлхүү анхаараад, УИХ-ын гишүүд нь гишүүд шиг байж хуулиа тогтоодог. Засгийн газар нь гаргасан шийдвэрийг нь цаг хугацаанд нь хэрэгжүүлдэг бол асуудал байхгүй. Ямар ч байсан эрсдэл бол гарна. Эрсдэлээс айх хэрэггүй урагшаа явахаас өөр гарц байхгүй.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE TV “ЗОЧНЫ ЦАГ”
Холбоотой мэдээ