News агентлаг өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
Намрын чуулган эхэлсэнтэй холбогдуулан улс төрийн хүрээнд төдийгүй УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал, 2018 оны төсөв зэрэг анхаарлын төвд байгаа сэдвүүд олон бий. Намрын чуулганы анхны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 10-р дүгнэлтийг хүлээж авах байсан ч тодорхой хугацаанд хойшлогдсоноор өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцээд , хүлээж авахгүй гэж үзсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн 10-р дүгнэлт нь УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах, тов зарласан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн байсан юм. Харин УИХ бид хуулийн дагуу нөхөн сонгуулийг товыг зарласан, нэг хууль нь нөгөө хуультайгаа зөрчилдсөн учраас энэхүү дүгнэлтийг хүлээж авахгүй гэж дүгнэсэн юм.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн онцлох шийдвэр гаргасан юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх даваа, мягмар гарагт Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан ургац хураалтын явцтай танилцсан тухай сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.
Үүнтэй холбогдуулан улаан буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх талаар судалж шийдвэрлүүлэхийг сайд Б.Батзоригт даалгав.
Мөн шинэ нисэх буудалд зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг Олон улсын шинэ нисэх буудалд нэвтрүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны эхний хагас жилийн байдлаар 47.2 хувьтай байгааг тус тус хэлэлцэн цаашид авах арга хэмжээнд чиглэл өгсөн юм.
АТГ-ААС ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ БАРИВЧЛАВ
АТГ-аас өнгөрөгч долоо хоногт Кембрижийн сургалттай “Шинэ эхлэл” дунд сургуулийн захирал Л.Эрдэнийг саатуулсан байна. Түүнийг авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьжээ. Авлигатай тэмцэх газрын зүгээс "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэд 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр АТГ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байна" гэж мэдээлсэн.
“Шинэ эхлэл” сургууль нь Кембрижийн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг гуравхан сургуулийн нэг гэдгээрээ онцлог. Тодруулбал, үндсэн хичээлүүдээ англи хэлээр үздэг, наймдугаар анги төгсөөд олон улсын шалгалтуудад орох эрхтэй болдог. Харин 12 дугаар ангиа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсдөг юм.
“МАГНАЙ ТРЕЙД”-ИЙН Р.ГАНЗОРИГИЙГ ТҮР СААТУУЛААД, СУЛЛАВ
АТГ-аас хийсэн бас нэгэн баривчилгаа бол Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг дэд захирлынх нь хамт саатуулсан. Гэвч саатуулах хугацаа 48 цаг байдаг бөгөөд энэ хугацаа дуусч, л, Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүх хурал болсон ч шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан юм.
ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН НЬ ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛЖ БАЙНА
Сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан олон хүмүүсийг бухимдлыг төрүүлээд байгаа. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Ашиг малтмалын газраас шатахууны үнэ өсч байгаатай холбогдуулан тайлбар өгсөн юм. Тэд тайлбартаа,
ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын дунд үед мөн газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой юм. Мөн 5 дугаар сараас АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан, Венесуэл болон Ливи улсын газрын тосны олборлолт эрс буурсан зэрэг нь газрын тосны үнийн өсөлтөнд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны 10 дугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа 45-85 ам.доллараар нэмэгдэж, Аи-92 автобензин 766 ам.доллар/тн, дизелийн түлш 758 ам.доллар/тн үнэтэйгээр нийлүүлэгдлээ.
Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам. доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул ам. долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна гэсэн юм.
Т.ОД
Холбоотой мэдээ