Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр /2018.10.13/ яаралтай хэвлэлийн хурал зарлаж, сувилагчдын ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран сувилагчдын ажлын байрны дутагдалтай байдлыг өөрчлөх зорилгоор 1:2 үйл ажиллагааг эхлүүлжээ. Өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйл ажиллагаанд ажиллаж байгаа сувилагчийн харьцаа нэг эмчид 1:1.2 гэсэн харьцаатай байгаа бол үүнийг таван жилийн хугацаанд 1:2 гэсэн харьцаатай болгож нэмэгдүүлэх зорилгыг тавьж байгаа аж. Үүний хүрээнд гурван том ажлыг зохион байгуулах юм байна.
Сувилагч мэргэжлээр төгссөн боловч энэ чиглэлээрээ ажилладаггүй өөр ажил эрхэлдэг эсвэл эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа нь дууссан 10 мянга гаруй сувилагч байдаг гэдгийг судалгаанд үндэслэн гаргажээ. Тэгвэл тэднийг эрүүл мэндийн салбарт нь буцааж ажиллуулах бололцоог хангахын тулд тэдэнд зориулсан 14 хоногийн сургалт явуулах аж.
Мөн түүнчлэн хүүхдээ асрах зэрэг ар гэрийн шалтгаанаар ажлаасаа чөлөө авч мэргэжлээсээ холдсон мөн эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаагаа сунгаж чадахгүй байгаа сувилагчдад зориулсан сургалтыг сар бүр зохион байгуулахаар болжээ.
Түүнчлэн сувилагч мэргэжлээр бэлтгэдэг 12 Их, дээд сургуулиудад сувилагчийн ангийг нээж ЭМЯ-ны харьяа болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж шинээр төгссөн сувилагчдыг ажлын байранд бэлтгэхэд тусламж үзүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулна гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Оюунханд хэллээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Д.Ганцэцэг хэлэхдээ “Манай төв сувилагчдыг төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт болон эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг зохион байгуулдаг. Бид сувилагчдын ажлын байрны дутагдлыг нөхөх 1:2 зорилтын хүрээнд эмчлэх эрхийн шалгалтад орж байгаа сувилагчдад дэмжлэг болох зорилгоор сар бүр гурав хоногийн сургалтын хөтөлбөрийг боловсруулаад байна. Ингэхдээ сургалтад хамрагдах хүмүүст санхүүгийн дарамт үзүүлэхгүйгээр улсын төсвийн санхүүжилтээр сургалтыг зохион байгуулна” гэв.
Дээрх ажлуудыг зохион байгуулснаар 2020 он гэхэд 1:2 зорилтынхоо 50 хувьд нь хүрнэ гэдгийг тэд тодотгов.