Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар тогтоолын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран ажиллаж “Мон-30” загварын хоёр автобусны угсралтыг Монгол инженер, мэргэжилтнүүд хийжээ.
Монголчуудын үйлдвэрлэсэн цахилгаанаар ажилладаг автобуснуудыг хүлээн авах арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн төлөөлөл “Монгол машин байгууламж” ХХК-ийн хамт олон оролцов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгальд хор хөнөөлгүй, иргэд үйлчлүүлэхэд тав тухтай автобусыг хямд өртгөөр эх орондоо үйлдвэрлэсэн анхдагч инженер, техникийн мэргэжилтнүүдэд баяр хүргэсэн юм. Тэрбээр “Монгол инженер, мэргэжилтнүүд анх удаа автобус угсарч үйлдвэрлэсэнд баярлаж байна. Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутаг, аймгийн төвүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобуснуудыг үйлдвэрлэх ажлын эхлэл тавигдлаа гэж ойлгож байгаа. Энэ ажлыг бүх яам, төрийн албан хаагчид, Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагынхан дэмжих ёстой. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын инженерүүдээс дутахааргүйгээр автобус үйлдвэрлэж чаддаг гэдгийг Монгол хүн харууллаа. Эх орондоо үйлдвэрлэсэн автобусаар зорчих нь иргэдэд хүртэл таатай сэтгэгдэл төрнө. Гадаадаас ийм автобусыг 400 мянган ам.доллараар худалдаж авна. Харин Монголдоо 195 мянган ам.доллараар угсарлаа. Төрд төлөх гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвараа төлж байна. Үүний хооронд асар их ялгаа байна. Эх оронч сэтгэл гэж үүнийг хэлнэ. Эх орондоо хайртай монгол хүн бүр үндэсний үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Бүх яам, аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид үндэсний үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллахыг уриалж бас үүрэг болгож байна” гэсэн юм.
"Мон-30" цахилгаан үүсгүүртэй автобусыг 2-3 цагийн хугацаанд цэнэглэж 180-200 км зам туулах хүчин чадалтай гэдгийг Монгол инженерүүд онцолж байв.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ